Sunday, November 2, 2014

Монгол улсын начин Шарын Доржтовуу

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат
Төрсөн өдөр: 1930-01-01
Одоогийн цолоо авсан он: 1959-07-12
1959 оны улсын наадамд Б.Түвдэндорж аваргаар зургаа давж начин цол хүртжээ.

С.Оргодол нь Дундговь аймгийн наадамд түрүүлнэ  хэмээн түхэлзэж очоод үзүүрт хүрсэн боловч Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Шарын Доржтовууд өвдөг шороодож аймгийн заан цол хүртсэн, байны даага ногтлоно гэж баахан сагсуурч ногт ганзагалж очсондоо ихэд ичин, монгол бөхийн ёс жудаг, сануулга гэдгийг тэндээс ухаарсан гэдэг. Түүний хойтон жил буюу 1955 оны улсын баяр наадамд хуучин заншил монгол ёс бөх сугалаагаар барилдуулахад аймгийн заан С.Оргодол найм давж түрүүлж 28 насандаа Монгол Улсын арслан цол хүртэж байжээ.

Монгол улсын начин Г.Цэрэнчимэд

1960, 70-аад онд улсын цолд хүрсэн бөхчүүд чанар чансаагаараа өдгөө хүртэл ард түмэндээ магтагдаж явдаг. Тэр он жилүүдэд улсын начин, заан цолтон ховорхон төрдөг байж. Өдгөө борооны дараах мөөг шиг шил шилээ дарсан начин олширчээ. Тэднээс сайн зодоглож яваа нь ч бий, саар барилдаж байгаа нь ч байх.

Бид энэ удаагийн “Бөхийн өргөө” буландаа 1970-аад оны бяртай, хүчтэй начингуудын нэг Дундговь аймгийн гэж цоллуулдаг Гомбын Цэрэнчимэд начинтай хөөрөлдсөнөө толилуулъя.

-1970-аад оны үед улсын начин цол хүртсэн бөх тийм олон биш байдаг. Та тэр үед Монгол улсын начин цол хүртээд амжсан. Олон хатуу учраатай даваа таарч байв уу?
-1973 онд Монгол Улсын начин цол хүртсэн. Хоёрын даваанд Төв аймгийн Лүн сумын харьяат Агвааныг давсан. Гурвын даваанд Сэлэнгэ аймгийн арслан Эрдэнэжавыг өвдөг шороодуулж дөрөвт улсын начин А.Нагнайдоржийг орхисон. Начны даваанд улсын арслан С.Самданжигмэдийн даваад дараа нь Ж.Мөнхбат аваргад өвдөг шороодсон.

-Таныг улсын цол авдаг жил олон бөх улсын цолд хүрч чадаагүй гэж сонссон юм байна?
-Улс хувьсгалын 52 жилийн ойгоор гурван хүн улсын начин цол хүртсэн. М.Мөнгөн арслан, Д.Цэрэндаш начин бид гурав начин цолтон болж их баярлаж байлаа.

Эх сурвалж: www.garid.hiimori.mn

Монгол улсын начин Дандарын Баясгалан

Саяхан 1938 онд улсын их баяр наадамд тав давж улсын начин цол хүртсэн цэргийн Баясгалан нь Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат Дандарын    Баясгалан мөн болохыг тогтоон цолыг баталгаажуулж, үр хүүхдүүдэд нь цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, малгайг нь нэхэн олгов. Энэ бөхийн талаар сум орон нутгаас нь олон сонирхолтой баримт бүрдүүлэн ирүүлснээс заримыг нь Бөх сонин уншигчдадаа хүргэж байна.
Д.Баясгалан начны намтарт ийн бичжээ: "Дандар овогтой Баясгалан 1911 онд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Өндөршил сумын нутаг "Монгол" хэмээх газар төржээ.
1935 онд цэрэгт татагдаж Замын-Үүдийн 34-р ангид байлдагч, 1938-1942 онд химийн мэргэжилтэн, химийн албаны дарга, 1942-1945 онд Матадын 8-р хорооны 32-р морьт хороонд химийн албаны дарга, Хэнтийн 6-р морин хорооны химийн албаны дарга, хуягт бригадын химийн албаны даргаар тус тус ажиллаж байгаад 1946 онд бэлтгэл офицер орон тооны илүүдлээр халагдсан. Д.Баясгалан нь цэрэгт алба хааж байхдаа 1938 онд Замын-Үүдийн цэргийн ангиас улс хувьсгалын 37 жилийн ойн баяр наадамд барилдах томилолт аваад Булган аймгийн 2 цэргийн хамт Улаанбаатар хотод ирж улсын наадамд барилдан 5 давж улсын начин цолонд хүрч зургаагийн даваанд Архангай аймгийн харьяат "босоо" хэмээх улсын арслан Банзарт унасан байна. Харамсалтай нь цэрэг хүн нас залуу байсан учир цолны үнэмлэх, бичиг баримтаа олж авч чадсангүй. Сүүлд сумандаа ирээд орон нутгийн наадмуудад барилдаж байсны жишээ нь 1950 оны Өндөршил сумын наадамд Буянт-Овоо сумын уугуул, Данаагийн Түмэн түрүүлж, Өндөршилийн улсын начин Д.Баясгалан үзүүрлэв.

Эх сурвалж: http://www.sonin.mn/

Монгол Улсын харцага Лхагвасүрэнгийн Прэвжав


Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хаъяат улсын харцага Л.Пүрэвжав бол 2004 онд Ардын хувьсгалын баяр наадмаар жинхэнэ цойлж ирсэн бөх юм. Тэр ердөө л аймгийн начин болоод тэр жил улсын баяр наадамд зодоглоход нь хэн ч улсын цолд хүрэх тухай таамаглаагүй байв.
Наадмын гурвын даваанд улсын начин Ц.Баянмөнхийг хаяхыг харсан нутгийн ахмад аймгийн арслан Дашжамц овоодоо гэж дуугарсан гэдэг. Дөрвийн даваанд аварга Г.Өсөхбаярт амлуулсныг сонсоод Пүрэвжавын даваа дуусчихлаадаа гэж байцгаасан нь үнэн. Гэтэл цэнгэлдэх дүүрэн уухай болоод явчихаар нь харвал залуу аварга унаж Пүрэвжав тугны зүг дэвж харагдав. Наадамчдаас олон хүн үзсэн харсандаа итгэж ядан байсан гэдэг.

 Г.Өсөхбаяр өмнөх хоёр жилийн наадамд дараалан түрүүлж улсын баяр наадамд анх удаа аварга цолтой зодоглосон ёстой л ямар ч учрааг хяргаад өнгөрөхөөр ид байсан үе шүү дээ. Улсын баяр наадмын даваа бүхэн хатуу түүн дээр аймгийн начин залуу, улсын хоёр ч цолтой бөхийг өвдөг шороодуулчихсан бас бяр чадал барилдаан нь ид жагсан яваа залуу аваргыг хаячихсандаа цол нэмсэнтэй адил урам зориг оржээ. Тэгээд тавын даваанд улсын харцага Э.Батбаатар зургаагийн даваанд мөн уран хурц барилдаантай харцага Г.Ганхуягт амлуулсан ч тэр урам зоригоороо давж есөн хөлт цагаан тугаа зургаа тойров.

Гаргасан амжилт:
·         2004 онд 6 давж улсын харцага цол
·         2006 онд 5 давж Өсөх идэр чимэг
·         2009 онд 6 давж харцага цолоо баталж үнэн хүчит чимэг
·         2012 онд 6 давж харцага цолоо дахин баталж Цогт гарамгай чимэг тус тус хүртсэн.


Ингэснээр аймгийн заан аймгийн арслан улсын начин гэсэн гурван цолыг алгасан шууд улсын харцага болов. Дундговь аймгаас сүүлийн үед төрсөн хамгийн том цолтой бөхөөр тодорч байгуулагдаад удаагүй "Хур Харцага" дэвжээгээ мялаасан билээ. Харцага Пүрэвжавт бөхийн эрдэм сургасан хүн нь монголчуудын хайртай бөх Монгол улсын далай аварга Агваансамдангийн Сүхбат юм. Тэр өөрөө цаг бусаар зодог тайлсан ч олон сайн бөх бэлдэж байгаагийн нэг нь харцага Пүрэвжав. Залуу харцага баяр наадам болоод заалны барилдаанд тогтмол сайн барилддаг. Олон ч удаа түрүүлж үзүүрлэсэн бас шөвгөрсөн байдаг. Ийм болохоор нь Пүрэвжавыг зааны дайтай бөх гэж үнэлдэг юм. Энэ үнэлгээг залуу харцага баталсаар байгаагийн нэг илрэл нь саяхан болж өнгөрсөн начингуудын нэрэмжит барилдаанд түрүүлсэн явдал юм.


Хөх тэнгэрийн хөх зарлиг дор
Бор газрын бор үнэн дээр
Домгийг Омогтой тангаралгүй
Дорныг өрнөтэй тонгоролгүй

Дундговийнхоо
Дуун дээр нь дуу нэмсэн
Хур харцагын хур удам
Хуур харцага

           Жил жилийн  өнгийг өөрөөсөө олдог
           Жигүүр үл цуцах "Эр борхон харцага"
           Жирмэн сүлжээг оломлон чангалж
           Жиргэхгүй, хахиран тэр дээр эргэлдмү

Харцага болохоос болжмор биш
Харцын бөх болохоос хааны бөх биш
Сүүдэр нь хүн чулуу шиг босоо газарт
Чулуу ургадаг байх аа
Их газрын чулуу шиг ...

Сүүн хэлхээ нь хүйн хэлхээ оршихуйд
Сүүтэй ерөөл ургадаг байх аа
Бага газрын чулуу шиг

          Дөрөөн дээрээ босоо эр шиг эрийн
          Дөрвөн бэрхэд ир нь явдгийм.
          "Нууц товцоо" Норовбанзадын дуунд хадаг нь явдгийм
          Нутаг амьтай "Харцага" шүлгэнд
          Зодог нь явдгийм.

Харцагадаж дайрдаг харцаганд
Харцага явдгийм
Эгэм тохой зөрөхөд нь л
Ижий нь тэнгэрээс хардгиймаа.

Ц.Чимэддорж  Болор цомын эзэн яруу найрагч     

                                                                                         Эх Сурвалж: Зууны мэдээ

Friday, October 31, 2014

Эр бор харцага

Эр бор харцага нь
Жигүүрэндээ хүчтэй л байна уу даа
Идэрхэн залуу насанд нь
Ажиг л үгүй явлаа шүү дээ
Аяа хөөрхий алдрай мину зэ
Тэртээ цагийн алсад юм. Одоогийн Дундговь аймгийн нутаг Их газрын чулууны урд биеэр нутагтай Цэрэнпунцаг ноёны хамжлагат ард ганц бие эмэгтэй байв. Таргийн таван ямаа, саалийн ганц үнээнээс өөр өмчгүй бүсгүй нутаг сэлгэж, нүүдэл хийж чадахааргүй ядуу тарчиг амьдралтай нэгэн байв. Мөнөөх бүсгүйгээс хоёр ихэр хүү төрөхөд ахад нь Хурхарцага, дүүд нь Эрхарцага гэсэн алдар хайрлав. Хөвгүүд хоног хоногоор өссөөр, хонины нэхий өлгийдөө багтахгүй, эхийнхээ сүүнд цадахгүй болоход ижий нь тэднийгээ үнээний сүүгээр угжиж өсгөжээ.
Намар цагийн сэрүүвтэр нэгэн орой аяншиж ядарсан алс холын жинчид Хурхарцагынд буудаллав. Ирсэн гийчдээ дайлж цайлсны дараа бүсгүй жинчдийн ахлагчид өөрийн амьдралын тухай дотночилон ярихад өрөвдөж хайлсан өвгөн ахлагч хоёр хүүгийн нэгийг өргөн авч, өсгөж хүмүүжүүлэхээр болжээ. Асгарах нулимсаа нуун байж, аргагүй эрхэнд хөөрхий бүсгүй Хур харцагыгаа өгч явуулснаас хойш нялх үрийнхээ барааг дахин олж хараагүй юм гэдэг. Ээжтэйгээ хамт үлдсэн Эрхарцага гэр ахуйн ажилд дэм болж, хонь малаа хариулан, он жилийг үдсээр хангайн нарс шиг ханагар сайхан эр болж өсжээ.
Эрхарцага ноёны түлээ түлшийг нь өдөр бүр зөөдөг болж гэнэ. Гэтэл Цэрэнпунцаг ноён Эрхарцагын этгээд сонин нэг байдлыг ажигласан байна. Өглөө эрт Эрхарцагын тэргэнд хөллөөд гарсан шар орой ирэхдээ усан хулгана болтол хөлөрсөн байдаг байв. Учир байдлыг сонирхож үзвээс Эрхарцага их гэрээс нилээд зайдуу очоод, аргалаа нямбайлан түүж, тэргэн дээрээ сайтар баглаж тавьснаа, мөнөөх нас гүйцсэн бүдүүн шарыг тэрэгнээс нь салган, ноцолдож чулуу мэт өргөж, буулгаж байна гэнэ. Удалгүй шар амьсгаадаж, хэл нь унжаад ирэх үед сая нэг больж, шараа тэрэгнийхээ араас уячихаад өөрөө тэргэндээ ороод, гэрийн зүг хөдлөв. Саахалтын хэрд очингуутаа шараа буцаан тэргэндээ хөллөөд, өглөө яаж гарсан яг л тэр чигээрээ яваад өгч гэнэ.
Энэ байдлыг мэдсэн Цэрэнпунцаг ноён жинд явуулах болжээ. Өвлийн турш жин хөсгийг нь тээсэн Эрхарцага ноёны нэрийн өмнөөс даншиг, хошуудын наадамд барилдан, түрүү магнай авчирдаг дийлэгдэшгүй ганц бөх нь болов.
Яг энэ үеэр Цэрэнпунцаг ноёны ганц охин, Эрхарцага хоёр бие биедээ хязгааргүй сэтгэлтэй болж, удаж төдөлгүй бүсгүй хөл хүндрэв. Учрыг мэдсэн Цэрэнпунцаг охиноо зэргэлдээх хошууны хөгшин ноёнд хүчээр өгч, харин Эрхарцагыг нутгаа орхин явахаар нутаг заажээ. Энэ байдлаас болж Эрхарцага насан өндөр эхийгээ бодоод, нутгаа орхин явахаас өөр аргагүйд хүрчээ. Ингээд Эрхарцага Хурын хадан дээр гарч, төрсөн нутгаа удаан харж сууснаа, хоолой зангирууланхан ийнхүү дуулсан гэдэг.
Арслангийн зулзага нь
Агууландаа хүчтэй билүү дээ
Амрагийн хоёр сэтгэл
Аль алиндаа асрамжтай билүү
Аяа хөөрхий алдрай минуу зээ
Сайр шандын усыг
Шавхан ширгээж баршгүй билүү дээ
Сайн хүмүүний үрийг
Дарлан давтаж болдоггүй билүү хө
Аяа хөөрхий алдрай минуу зээ
Худаг шандын усыг
Хурдан ширгээж болшгүй билүү
Хувьтай хүмүүний үрийг
Худал хууран хэлж болдоггүй билүү
Аяа хөөрхий алдрай минуу зээ
Ийнхүү харуусал гуниг, хайр сэтгэлээ шингээн дуулж буй Эрхарцагын эрдүү хоолой Хурын хаднаас гурван өвөлжөөний тэртээ газар уулын энгэрт сэтгэлтэй бүсгүйг нь богтлон аваад, хурим найр хийж буй хөгшин ноёны гэрт тодоос тод сонсогдож байсан гэдэг.
Ингээд Эрхарцага ижийгээ гэртэйгээ цуг үүрээд, нутгаа орхин явахдаа, “Энэ хошууны бөх надаар дуусаг” гэж хэлээд, зодгоороо газар нэгэнтээ савснаас, өдгөө Дэрэн сумын нутаг дахь Зодог, Савах хэмээх нэртэй газрууд үүссэн гэх домогтой.

Эх сурвалж: http://tashuur.mn

Монгол улсын заан Чимэдийн Мижид

1938 оны улсын наадамд арслан Л.Чимэдээр долоо давж заан цол хүртжээ. 1943 онд зургаа давж наймд үлдэж байжээ. Бөхөд үнэнхүү дуртай, насаараа цэргийн газар ажилласан Ч.Мижид заан 1950 онд нас нөгчжээ.
Төрсөн он: 1897
Уугуул нутаг: Дундговь аймаг Эрдэнэдалай сум
Цол: Улсын заан
Цол авсан он: Улсын заан: 1938
Эх сурвалж: http://hiimori.mn

Дэлгэрхангай уул

Дэлгэрхангай гэсэн сумын нэр нь Дэлгэрхангай уулын нэр бөгөөд далайн төвшинөөс дээш 1926 м өндөр өргөгдсөн байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн нутгийн ард олны хүндэлж биширч явдаг хайрхан юм.
Дундговь аймгийн нутагт байх Дэлгэрхангай уулыг эрт цагт Инэл хан уул гэдэг байж. Инэл гэдэг нь энгүй их, маш их, их юмны таг гэсэн утгатай үг шиг байгаа юм. Дэлгэрхангай уулын яг орой дээр хэвлий /хэвтэш/ маягийн томоос том талбай байдаг. Түүнийг Алтан тэвш гэдэг юм. 
       Дэлгэрхангайн энгэр биед “Тэвш”-ийн хэмээх салбар жижиг уул буй. Түүний Шүүт /Хөшөөт гэсэн үг байж болох/-ын амны зүүн хярд онцгой нууц хонхорт нэгэн том булш бий. Тэр хярын дэргэдүүр их тод улбаа зам байдаг. Их эртний зам байж болохоор санагддаг. Түүнийг одоо “Хүрээ зам” гэдэг юм. Булшнаас зүүн тийш орших бэсрэг хярын орой дээр нэгэн цооног агуй /нүх/ байх бөгөөд доогуураа булштай холбогддог гэсэн яриа байдаг. Дэлгэрхангай уулын лус савдаг нь 20-иод метр урт, ханцуйтай гарын чинээ бvдvvн том могойг гэдэг юм. Тэр могой Тэвшийн ууланд байдаг байж магадгүй гэж нутгийнхан ярьдаг.
         Дэлгэрхангай уул төв халхын есөн их хан уулын гол дунд оршдог бөгөөд их эрт төрийн тахилгатай болсон юм. Нийслэлийн ойролцоох Богд уул л гэхэд бүр сүүлд 1778 онд, Отгонтэнгэр 1779 онд, Хэнтий хан 1818 онд төрийн тахилгатай болсон гэдэг.
          Дэлгэрхангай уулыг тахихдаа баатар хүний хөө хуяг, илд мэс, эрхэм хvний хувцас чимэг, суудал ширээ, хэрэгсэл зэргийг өргөдөг байсан тухай брагри ёнзон Дамцагдоржийн “Их газрын эзэн Дэлгэрхангай уулын сан тахилга тус амгалангийн хурыг буулгагч” хэмээх сударт өгүүлсэн байдаг. Дэлгэрхангай уулын ар хөндийд жилийн жилд олон мянган адуу отроор нутагладаг Онгон хэмээн газар бий. Онголсон газрыг тvмэн адуугаар талхлуулсан гэдэг шүү дээ.
        Дэлгэрхангай уулын ард Ногоон толгой гэдэг эрт цагаас үхэгсдийг нутаглуулж ирсэн газар бий бөгөөд шарилыг онголоход оролцсон зарц барлагуудыг энд хороосон байж тун магадгүй. Тэвшийн булшнаас хойхно нь Хүрэн зараа гэдэг газар хаадын булш гэж хэд хэдэн том булш байх ба энэ нь бага хаадынх байж болох талтай. Учир нь монгол ёсонд үр ач нарыг ихэсийнх нь дээд (толгой) талд оршуулдаг.

  Эх сурвалж: http://www.times.mn






Цагаан суварга




Цагаан суварга Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт эрт цагийн далайн ёроолын тунамал шаварлаг хурдасны давхаргаас он цагийн явцад салхи усны үйл ажиллагаагаар эвдэрч ганга мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад суварга мэт харагддаг. Үүнийг Цагаан Суварга хэмээн Монголчууд эртнээс хүндэтгэн нэрлэж ирсэн.

Цагаан Суваргын эгц цавчим мөргөцөгийн өндөр нь 30-д метр бөгөөд мөргөцөг нь нийтдээ 400-д метр үргэлжилнэ. Баруун талаасаа цагаан тал учраас мөргөцөг нь мэдэгдэлгүй явсаар Цагаан Суваргын орой дээр гарч ирнэ. Орой дээр нь овоо босгосон байдаг.
Эрэг мөргөцөг сул шороотой тул унах аюултай. Тийм учир эрэг мөрөгцөгийн зах ирмэгээр явахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Эрт цагт хүмүүс зээр гөрөөс гэх мэт амьтдыг мөрөгцөг рүү шахаж агнах явдал нилээд байдаг байжээ.
Өлзийт сум талаас буюу гурван төгрөгийн худаг талаас орж ирвэл Цагаан Суваргын байгалийн үзэсгэлэнг холоос тодорхой харах боломжтой. Сүүлийн жилүүдэд Цагаан Суваргыг үзэхээр зорин очих жуулчдын тоо нилээд нэмэгдэж байгаа бөгөөд ойр орчимд нь жуулчны хоёр ч бааз ажиллах болсон. Цагаан Суварга жуулчны бааз Цагаан Суваргаас зүүн тийш 8 км-т байрлана.


Эх сурвалж: http://altai-expeditions.blogspot.com

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com