Friday, October 31, 2014

Эр бор харцага

Эр бор харцага нь
Жигүүрэндээ хүчтэй л байна уу даа
Идэрхэн залуу насанд нь
Ажиг л үгүй явлаа шүү дээ
Аяа хөөрхий алдрай мину зэ
Тэртээ цагийн алсад юм. Одоогийн Дундговь аймгийн нутаг Их газрын чулууны урд биеэр нутагтай Цэрэнпунцаг ноёны хамжлагат ард ганц бие эмэгтэй байв. Таргийн таван ямаа, саалийн ганц үнээнээс өөр өмчгүй бүсгүй нутаг сэлгэж, нүүдэл хийж чадахааргүй ядуу тарчиг амьдралтай нэгэн байв. Мөнөөх бүсгүйгээс хоёр ихэр хүү төрөхөд ахад нь Хурхарцага, дүүд нь Эрхарцага гэсэн алдар хайрлав. Хөвгүүд хоног хоногоор өссөөр, хонины нэхий өлгийдөө багтахгүй, эхийнхээ сүүнд цадахгүй болоход ижий нь тэднийгээ үнээний сүүгээр угжиж өсгөжээ.
Намар цагийн сэрүүвтэр нэгэн орой аяншиж ядарсан алс холын жинчид Хурхарцагынд буудаллав. Ирсэн гийчдээ дайлж цайлсны дараа бүсгүй жинчдийн ахлагчид өөрийн амьдралын тухай дотночилон ярихад өрөвдөж хайлсан өвгөн ахлагч хоёр хүүгийн нэгийг өргөн авч, өсгөж хүмүүжүүлэхээр болжээ. Асгарах нулимсаа нуун байж, аргагүй эрхэнд хөөрхий бүсгүй Хур харцагыгаа өгч явуулснаас хойш нялх үрийнхээ барааг дахин олж хараагүй юм гэдэг. Ээжтэйгээ хамт үлдсэн Эрхарцага гэр ахуйн ажилд дэм болж, хонь малаа хариулан, он жилийг үдсээр хангайн нарс шиг ханагар сайхан эр болж өсжээ.
Эрхарцага ноёны түлээ түлшийг нь өдөр бүр зөөдөг болж гэнэ. Гэтэл Цэрэнпунцаг ноён Эрхарцагын этгээд сонин нэг байдлыг ажигласан байна. Өглөө эрт Эрхарцагын тэргэнд хөллөөд гарсан шар орой ирэхдээ усан хулгана болтол хөлөрсөн байдаг байв. Учир байдлыг сонирхож үзвээс Эрхарцага их гэрээс нилээд зайдуу очоод, аргалаа нямбайлан түүж, тэргэн дээрээ сайтар баглаж тавьснаа, мөнөөх нас гүйцсэн бүдүүн шарыг тэрэгнээс нь салган, ноцолдож чулуу мэт өргөж, буулгаж байна гэнэ. Удалгүй шар амьсгаадаж, хэл нь унжаад ирэх үед сая нэг больж, шараа тэрэгнийхээ араас уячихаад өөрөө тэргэндээ ороод, гэрийн зүг хөдлөв. Саахалтын хэрд очингуутаа шараа буцаан тэргэндээ хөллөөд, өглөө яаж гарсан яг л тэр чигээрээ яваад өгч гэнэ.
Энэ байдлыг мэдсэн Цэрэнпунцаг ноён жинд явуулах болжээ. Өвлийн турш жин хөсгийг нь тээсэн Эрхарцага ноёны нэрийн өмнөөс даншиг, хошуудын наадамд барилдан, түрүү магнай авчирдаг дийлэгдэшгүй ганц бөх нь болов.
Яг энэ үеэр Цэрэнпунцаг ноёны ганц охин, Эрхарцага хоёр бие биедээ хязгааргүй сэтгэлтэй болж, удаж төдөлгүй бүсгүй хөл хүндрэв. Учрыг мэдсэн Цэрэнпунцаг охиноо зэргэлдээх хошууны хөгшин ноёнд хүчээр өгч, харин Эрхарцагыг нутгаа орхин явахаар нутаг заажээ. Энэ байдлаас болж Эрхарцага насан өндөр эхийгээ бодоод, нутгаа орхин явахаас өөр аргагүйд хүрчээ. Ингээд Эрхарцага Хурын хадан дээр гарч, төрсөн нутгаа удаан харж сууснаа, хоолой зангирууланхан ийнхүү дуулсан гэдэг.
Арслангийн зулзага нь
Агууландаа хүчтэй билүү дээ
Амрагийн хоёр сэтгэл
Аль алиндаа асрамжтай билүү
Аяа хөөрхий алдрай минуу зээ
Сайр шандын усыг
Шавхан ширгээж баршгүй билүү дээ
Сайн хүмүүний үрийг
Дарлан давтаж болдоггүй билүү хө
Аяа хөөрхий алдрай минуу зээ
Худаг шандын усыг
Хурдан ширгээж болшгүй билүү
Хувьтай хүмүүний үрийг
Худал хууран хэлж болдоггүй билүү
Аяа хөөрхий алдрай минуу зээ
Ийнхүү харуусал гуниг, хайр сэтгэлээ шингээн дуулж буй Эрхарцагын эрдүү хоолой Хурын хаднаас гурван өвөлжөөний тэртээ газар уулын энгэрт сэтгэлтэй бүсгүйг нь богтлон аваад, хурим найр хийж буй хөгшин ноёны гэрт тодоос тод сонсогдож байсан гэдэг.
Ингээд Эрхарцага ижийгээ гэртэйгээ цуг үүрээд, нутгаа орхин явахдаа, “Энэ хошууны бөх надаар дуусаг” гэж хэлээд, зодгоороо газар нэгэнтээ савснаас, өдгөө Дэрэн сумын нутаг дахь Зодог, Савах хэмээх нэртэй газрууд үүссэн гэх домогтой.

Эх сурвалж: http://tashuur.mn

Монгол улсын заан Чимэдийн Мижид

1938 оны улсын наадамд арслан Л.Чимэдээр долоо давж заан цол хүртжээ. 1943 онд зургаа давж наймд үлдэж байжээ. Бөхөд үнэнхүү дуртай, насаараа цэргийн газар ажилласан Ч.Мижид заан 1950 онд нас нөгчжээ.
Төрсөн он: 1897
Уугуул нутаг: Дундговь аймаг Эрдэнэдалай сум
Цол: Улсын заан
Цол авсан он: Улсын заан: 1938
Эх сурвалж: http://hiimori.mn

Дэлгэрхангай уул

Дэлгэрхангай гэсэн сумын нэр нь Дэлгэрхангай уулын нэр бөгөөд далайн төвшинөөс дээш 1926 м өндөр өргөгдсөн байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн нутгийн ард олны хүндэлж биширч явдаг хайрхан юм.
Дундговь аймгийн нутагт байх Дэлгэрхангай уулыг эрт цагт Инэл хан уул гэдэг байж. Инэл гэдэг нь энгүй их, маш их, их юмны таг гэсэн утгатай үг шиг байгаа юм. Дэлгэрхангай уулын яг орой дээр хэвлий /хэвтэш/ маягийн томоос том талбай байдаг. Түүнийг Алтан тэвш гэдэг юм. 
       Дэлгэрхангайн энгэр биед “Тэвш”-ийн хэмээх салбар жижиг уул буй. Түүний Шүүт /Хөшөөт гэсэн үг байж болох/-ын амны зүүн хярд онцгой нууц хонхорт нэгэн том булш бий. Тэр хярын дэргэдүүр их тод улбаа зам байдаг. Их эртний зам байж болохоор санагддаг. Түүнийг одоо “Хүрээ зам” гэдэг юм. Булшнаас зүүн тийш орших бэсрэг хярын орой дээр нэгэн цооног агуй /нүх/ байх бөгөөд доогуураа булштай холбогддог гэсэн яриа байдаг. Дэлгэрхангай уулын лус савдаг нь 20-иод метр урт, ханцуйтай гарын чинээ бvдvvн том могойг гэдэг юм. Тэр могой Тэвшийн ууланд байдаг байж магадгүй гэж нутгийнхан ярьдаг.
         Дэлгэрхангай уул төв халхын есөн их хан уулын гол дунд оршдог бөгөөд их эрт төрийн тахилгатай болсон юм. Нийслэлийн ойролцоох Богд уул л гэхэд бүр сүүлд 1778 онд, Отгонтэнгэр 1779 онд, Хэнтий хан 1818 онд төрийн тахилгатай болсон гэдэг.
          Дэлгэрхангай уулыг тахихдаа баатар хүний хөө хуяг, илд мэс, эрхэм хvний хувцас чимэг, суудал ширээ, хэрэгсэл зэргийг өргөдөг байсан тухай брагри ёнзон Дамцагдоржийн “Их газрын эзэн Дэлгэрхангай уулын сан тахилга тус амгалангийн хурыг буулгагч” хэмээх сударт өгүүлсэн байдаг. Дэлгэрхангай уулын ар хөндийд жилийн жилд олон мянган адуу отроор нутагладаг Онгон хэмээн газар бий. Онголсон газрыг тvмэн адуугаар талхлуулсан гэдэг шүү дээ.
        Дэлгэрхангай уулын ард Ногоон толгой гэдэг эрт цагаас үхэгсдийг нутаглуулж ирсэн газар бий бөгөөд шарилыг онголоход оролцсон зарц барлагуудыг энд хороосон байж тун магадгүй. Тэвшийн булшнаас хойхно нь Хүрэн зараа гэдэг газар хаадын булш гэж хэд хэдэн том булш байх ба энэ нь бага хаадынх байж болох талтай. Учир нь монгол ёсонд үр ач нарыг ихэсийнх нь дээд (толгой) талд оршуулдаг.

  Эх сурвалж: http://www.times.mn






Цагаан суварга




Цагаан суварга Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт эрт цагийн далайн ёроолын тунамал шаварлаг хурдасны давхаргаас он цагийн явцад салхи усны үйл ажиллагаагаар эвдэрч ганга мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад суварга мэт харагддаг. Үүнийг Цагаан Суварга хэмээн Монголчууд эртнээс хүндэтгэн нэрлэж ирсэн.

Цагаан Суваргын эгц цавчим мөргөцөгийн өндөр нь 30-д метр бөгөөд мөргөцөг нь нийтдээ 400-д метр үргэлжилнэ. Баруун талаасаа цагаан тал учраас мөргөцөг нь мэдэгдэлгүй явсаар Цагаан Суваргын орой дээр гарч ирнэ. Орой дээр нь овоо босгосон байдаг.
Эрэг мөргөцөг сул шороотой тул унах аюултай. Тийм учир эрэг мөрөгцөгийн зах ирмэгээр явахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Эрт цагт хүмүүс зээр гөрөөс гэх мэт амьтдыг мөрөгцөг рүү шахаж агнах явдал нилээд байдаг байжээ.
Өлзийт сум талаас буюу гурван төгрөгийн худаг талаас орж ирвэл Цагаан Суваргын байгалийн үзэсгэлэнг холоос тодорхой харах боломжтой. Сүүлийн жилүүдэд Цагаан Суваргыг үзэхээр зорин очих жуулчдын тоо нилээд нэмэгдэж байгаа бөгөөд ойр орчимд нь жуулчны хоёр ч бааз ажиллах болсон. Цагаан Суварга жуулчны бааз Цагаан Суваргаас зүүн тийш 8 км-т байрлана.


Эх сурвалж: http://altai-expeditions.blogspot.com

Sunday, October 5, 2014

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУД ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН ФИЗИК, ХИМИЙН 200 ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО


Шинэчлэлийн Засгийн газраас "Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлэх шинэчлэлийн бодлого"-ын хүрээнд ерөнхий боловсролын дунд сургуулиудад дэлхийн жишигт нийцсэн физик, химийн лабораторийн тоног төхөөрөмж гардуулах ажиллагаа өнөөдөр Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуульд болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон юм.


Физикийн лаборатори нь 10 иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжтэй, багш, сурагчийн туршилтын долоон ширээтэй, 70 төрлийн туршилт хийх боломжтой юм. 44 дүгээр сургуулийн физикийн танхимд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тоног төхөөрөмжийг хичээлд хэрхэн ашиглаж байгаатай танилцан, 11 дүгээр ангийн сурагчдад хичээл заасан юм. Дашрамд дурьдахад, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь физикч мэргэжилтэй бөгөөд МУИС-д 10 гаруй жил багшилсан хүн. Дараа нь тус сургуульд болж буй багш нарын сургалтын явцтай танилцлаа. 
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар Дорнод,
Дундговь, Сэлэнгэ, Увс, Улаанбаатарын багш нарт тоног төхөөрөмжийг гардуулан өгөх үеэр, "Физик болон байгалийн шинжлэх ухааны хичээлийг заахдаа сурагчдад томъёо цээжлүүлж, самбарт бичүүлэхээсээ өмнө утга учир, хэрэглээ талаас нь ойлгуулан тайлбарлаж өгөх нь чухал. Тиймээс энэ багаж төхөөрөмжийг хичээлдээ байнга ашиглаж, хүүхдүүдээр туршилт хийлгэж байгаарай. Ингэж чадвал хүүхдүүд маань аливаа зүйлийн учир начрыг олдог, нухацтай ханддаг болж төлөвшинө" гэж Ерөнхий сайд багш нарт зөвлөлөө.
"Манай улсад ерөнхий боловсролын 750 гаруй сургууль бий. Эхний ээлжинд 100 сургууль физик, химийн хичээлийн иж бүрэн тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэлтэй боллоо. Цаашид бүх сургууль дэлхийн жишигт нийцсэн ийм лабораторитой болно" гэж Л.Гантөмөр сайд хэллээ. 

Түүхэн товчоо


ТҮҮХЭН ТОВЧОО
Дундговь аймаг анх 1941 онд “Шарангад” нэртэй  байгуулагдаж, “Ембүү дэрсэнэ ус” гэдэг газар төвлөж байгаад 1944 онд одоогийн Мандалговь хотын оршин байгаа цэгт шилжин ирж төвлөрөн, Дундговь аймаг гэж нэрлэгдсэн түүхтэй. 1942 оноос Төв, Өмнөговь  аймгийн  харьяанд байсан Дэлгэрцогт, Дэлгэрхангай суманд тус бүр 16-30 сурагчидтай ,1 багштайгаар хошуу тамгын дэргэд танхимын сургууль байгуулагдсанаар аймгийн ардын боловсролын байгууллагын суурь дөнгөж тавигдаж байсан үед аймгийн анхны дунд сургууль гал голомтоо бадрааж, 1944 онд одоогийн Сайнцагаан сумын нутагт Наран  хэмээх газар 5-р ангийн 2 бүлэгтэй 2 багштайгаар гэрт хичээллэж түүхээ эхэлжээ. 1948 онд аймгийн төвд нүүн ирж, одоо нийгмийн  халамжийн хэлтсийн байр болсон дан байшинг ашиглалтанд хүлээн авч орсон байна.
 1952 онд анхны дунд сургууль болж өргөжөөд, 1-р төгсөлтөө 1954 онд хийжээ. 1966 онд одоогийн 2-р сургууль /Говийн ирээдүй / цогцолбор сургуулийн 3 давхар байранд шилжин орж,1800-аад сурагчтай 3 ээлж болж  хичээллэсэн үед 1977 онд хуучин ЗХУ-ын  бэлгийн иж бүрэн 10 жилийн дунд сургуулийн байр шинээр баригдаж, тэр сургуульд шилжин хичээллэснээр  аж ахуй зохион байгуулалт , арга зүйн хувьд бүрэн шинэчлэгдэн  хөгжсөн түүхтэй.  Дундговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль хэмээн олондоо алдаршиж нэрлэгдсэн, ЭДЦСургууль маань ийнхүү түүхийнхээ хагас зуун давсан үед өргөө цагаан гэрээ  4 дэх удаагаа шинэчлэн барьж, түүхэн хөгжлийн 70 жилтэйгээ  золгох гэж байна.

1984 онд улсын тэргүүний сургууль болсон амжилтаар 40 жилийн ойгоо  угтаж, улмаар бүтээгч, мөрөөдөгч, биелүүлэгч хамт олонтойгоор 50,60 жилийн ойгоо тэмдэглэн, “Түүхэн тэмдэглэл”, “Нэгэн жаран”  номууд  хэвлэгдэж, сургуулийнхаа хөгжлийн үе шат бүхэнд олсон ололт амжилт, ажлын арга туршлага, ахмад үеийн алдар, хөдөлмөрийг багтаасан.“Бичсэн үлдэнэ. Хэлсэн хийснэ” гэгчээр сургуулийн маань түүх, төгсөгчдийн маань төрх төлөв эдгээр номонд бий.  2014 онд буюу монголчуудын хийморь хишиг болсон морин жилд манай сургуулийн 70 жилийн ой болох учир ойн бэлтгэл ажлаа эхлээд, судалгаа төлөвлөлтөө хийгээд явж байна. 
Аливаа ойг хуучин шигээ найр нанчид зугаа болголгүй, түүхээ бүтээж, түүчээчдийг тодруулах, шинийг бүтээж, шилдгийг бий болгох, хүмүүжил сургалтыг хүн бүрт хүргэж, хөгжил бүтээлд хөтөлж өгөх арга зүйг эрэлхийлэхэд сургуулийн захиргаа, ой зохион байгуулах комиссынхон зорьж байна. Олон бүтээлч ажлууд хийгдэж байгааг радио, телевиз, сонин хэвлэлээр  мэдээлж байгаа.  Тус сургууль сурагч багш нарын тоогоороо ч аймаг  улсдаа  айрагдаж, алдар хүндтэй болсон.  Энэ алдар хүндийг хөлс дусалсан хөдөлмөр, хүч оюун шаардсан зүтгэл бүтээлээр олсон. Сайн удирдан зохион байгуулагч, захирал, менежерүүдийн ур ухаан ,шилдэг сайн сурган хүмүүжүүлэгчдийн арга зүй, сургуулиа гэсэн ар талын итгэл найдвартай ажилчдын зүтгэлээр аймаг улсын гэсэн тодотголыг авч чадсан. Захирал асан Н. Балдандорж, Д. Банзрагч, Н. Мижиддорж / МУГБагш/, Н. Өлзий /МУГбагш/, Ж. Цэрэнчунт, Б. Даариймаа, хичээлийн  эрхлэгч  Ш. Содномпэл, Л. Дулмаа, Ц. Дэлгэрбуян, Л. Цэвээнравдан, Ц. Энхтуяа, Т. Туяамандах, эвлэл пионерийн удирдагч  Д. Алтанцэцэг, Л. Батаа нарын олон шилдэг боловсон хүчин  тус сургуульд ажиллаж байлаа. Сургууль төдийгүй аль нэгэн албан газар байгууллага сайн байх нь зөв удирдлага, зөв менежмент /зөв  зохицуулалт, төлөвлөлт, арга зүй/ нэг баг болж, гар нийлсэн бодлогоо хэрэгжүүлэх арга зүй, хүн бүрийн хариуцлага, чадвараас шалтгаалах билээ. 
  Тус сургууль эдүгээ 47 бүлэгтэй, 1400 гаруй суралцагч , 81 багш, захиргаа аж ахуйн 36 ажилтан ажиллагсадтай ажиллаж, сүүлийн 10 жилд сургууль байрандаа иж бүрэн засвар хийж, тоног төхөөрөмжөөр хангагдлаа. Ойгоо угтаж, спортын шинэ зал барьж, /670 сая төгрөгийн өртөг бүхий/ дотуур байранд 24 сая гаруй төгрөгийн санхүүжилт хийгээд байна.
Хичээлээс гадуур сурагчдын авьяас хөдөлмөрийг хөгжүүлэх 28 дугуйланд давхардсан тоогоор 1005 сурагчид суралцаж байгаагийн зэрэгцээ сурагчид сурах арга барилыг эзэмшүүлэх номтой нөхөрлөх, биеэ дааж сурахад нь тусалж байгаа нь үр дүнтэй сургалт болох юм.
Улсын лаборатори 31 сургуулийн бүрэлдэхүүнд багтаж, Кембрижийн хөтөлбөрийг турших ажлыг эхлүүлээд байна. Сургуулийн захиргаа, менежерүүд  улирал бүр багш ажилчдынхаа ажлыг нь үргэлж үнэлж урамшуулдаг системийг нэвтрүүлснээр ажлын хариуцлага, арга барил сайжирч, идэвх сонирхол дээшилж, хийх бүтээх ур ухаан нэмэгджээ. Чадварт суурилсан сургалтыг, хүнд хүрсэн хүмүүжлийг л бий болгох ажлыг онцгой анхаарч байгаа нь ажлын цөм юмаа. Багшаа хөгжүүлж, сургалтаа явуулдаг, хүүхдэдээ хүмүүжил олгож, хүн болгодог тэр л зарчим хэрэгжиж байна. Тиймээс ч түүхт 70 жилийн ойдоо ажлын шинэ аргаар , амжилт бүтээлийн шинэ орчноор багшийн ур ухааны хөгжлөөр, сурагчдын өв тэгш хүмүүжлээр  бэлэг барина гэж ууган сургуулийнхан урамтай ажиллацгааж байна.

 

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com