Wednesday, March 2, 2011

Ардын жүжигчин Г.Хайдав

Авьяасаар манлайлагч
МУ-ын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн багш, профессор Г.Хайдав

Хорвоо ертөнцийг аялгуу дуугаараа ариусган, хүний сэтгэлийг яруусгаж амирлуулах увдисыг төгс эзэмшиж, 600 гаруй уран бүтээл хийж, гадаад дотоодын 30 гаруй дуурын дүр бүтээж, үзэгч түмнээ бишрүүлэн, цуцашгүй авьяас билэг, хөдөлмөрч зан чанараараа олон арван шавь нар төрүүлэн ардын болон гавьяат жүжигчин, төрийн шагналт 10 гаруй авьяастныг араасаа дагуулан, Монгол түмний бахархал болж гоо сайхан, хүнлэг энэрэнгүй, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд хүндтэй гавьяа байгуулсаныг үнэлж МУЗН-ийн "Нигүүлсэнгүй үйлстэн"-ээр


П.Нямлхагва

П.Нямлхагвагийн блог хаяг:

http://nyamlkhagva.blogspot.com/

Цахим шуудангийн хаяг:

nyamlhagva_p@yahoo.com


         Нутгийн ах болох мөн нэг газар ажиллаж байсан Пэрэнлэйн Нямлхагва ахынхаа уран бүтээлээс та бүхэндээ хүргэж байна. Та бүгдийн минь санасан бүхэн сэтгэлчил бүтэж байг.
        
       Яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва 1975 онд Дундговь аймгийн Хулд суманд төрсөн. 2001 онд ДДГУДС-ийг төгссөн философич, утга зохиол судлаач мэргэжилтэй. МҮЧЗХ-ны шагналт, Мөнгөн цом, Хайрын шүлгийн “Цагаан уул”, “Ижий говь”, “Эх орны дуулал” зэрэг 10-д яруу найргийн наадмын цомын эзэн “Арслан цагаан дарс”, “Зүүдэн бүрдийн аглаг”, “Алтан хагсуурга” зэрэг яруу найргийн 5 ном хэвлүүлсэн.
 
Хөх монгол

Дэлээн шаширлуулж хүлэг морьдын эрвийтэл дэргэх нь
Сэтгэл зүрхэнд тийм тод тунгалаг эх орны минь
Дээр нь цэнхэрлэх бадрангуй хөх тэнгэрийн өнгөн зүгээс
Сэм сэмээр омог зоригийг минь хурцлан
Дэлхийн дайдыг хэнжүүлжээ
Мөнх тэнгэрийн хүчин доорхи
Хөтлөхүйн дээд хөх монгол минь ээ

Таргил усан мэт мэлмий тунгалаг зандан тэмээдийн
Тааваар хүрэнтэн дуурах нь тийм амгалан төгөлдөр эх орны минь
Хүрээлэн хэцлэх мянган цэнхэр уулсын элгэн зүгээс
Хүж хотлоор эсэн амрыг зөгнүүлэн бараалж
Ертөнц дахиныг амирлуулжээ
Мөнх тэнгэрийн хүчин доорхи
Хөтлөхүйн дээд хөх монгол минь ээ

Нуурласан олон хоньдын бөмбөл цагаан бэлчих нь
Нуга элгэнээрээ шүтэн барилдах мэт цайлган цагаан эх орны минь
Гүегнэн харгиатах тунгалаг бүүвэй мөрөн голых нь өнгөн зүгээс
Гүм анир ноёлсон уудам талын үзэмж цогцлоож
Хотол хорвоог гайхуулжээ
Мөнх тэнгэрийн хүчин доорхи
Хөтлөхүйн дээд хөх монгол минь

Алтан дуулга мэт мөнгөн сэрвээт үхрийх нь
Аданга зайлуулан сэжлэх мэт тийм цэцэн сэрэмжит эх орны минь
Тэнгэр газрын савслаган дахь тэлмэн цэнхэр зэргэлээн чанараас
Түрэмгий санаатны атгаг муухайг илбэсдэн хуурч
Тив дэлхийг сочоожээ
Мөнх тэнгэрийн хүчин доорхи
Хөтлөхүйн дээд хөх монгол минь

Дөрвөн цагийн эргэлтэнд дөрвөн хасаг нүүдэллэх
Цэлий татсан нутагтаа цэцэн билгээ хурцлаж
Замилан түүний энгээр шаргал гэгээ цацруулсан
Заяа төгөлдөр түмний минь хаан сэтгэлийн шүтээн
Мөнх тэнгэрийн хүчин доорхи
Хөтлөхүйн дээд хөх монгол минь ээ
Бүүвэйн дуу

Сайхан бадир цээжний минь хан хүрээнд
Сар дүгрэглэсэн хувилгаан шаргал тал буй
Тэндээс
Амгалан төрхийг олсон дотоод ариун сэтгэлийн
Арц гангын үнэр үлэмж тансаг ханхалдаг даа

Үзүүр адаггүй цэлийсэн тэр анирхан талын
Үзэсгэлэнт мөнгөн зурвасаас нэгэн бүсгүй тодорч
Ганирсан сэтгэлтний хорвоог нэн яруухан болтол нь
Гайхамшигт гэгээн аялгууг их л чамин дуулдаг аа

Ийм сайхан алтан аялгуутай дууны хэмнэл бүхнээр
Идэрмэг цээжний минь хан хүрээг эзэгнэж
Хувилгаан шаргал талыг гэрэлт тооргоор чимсэн
Хурмастын гэгээн бүсгүй бол ижий минь билээ л

Үүлэнзээ бадам суудалд эхийн хутгийг олж
Үрдээ дуу дуулсныг нь хүмүүс бүүвэйн дуу гэсэн юм аа
Тиймээ
Бүүвэйн дуу,
Бүүвэйн дуу гэж уясан уясан шагшсан юм аа
Миний л ижийн бүүвэйн дууг...

2006.01.19 нд өөрийн төрсөн өдрөөрөө ачлал төгс гэгээн тодорхой ижийдээ зориулан бичвэй. Япон улс Сэндай хот Цүногоро.


Нууц тарни

Гэрэл цацарсан тийм гуниггүй тунгалаг харцтай
Гэнэ гэнэхэн тулгарах болсон тийм гэгэлгэн цаг сан
Үдэмбэр биеийх нь сайхан солонгорон тунараад ирэхлээр нь
Үзгээн шүүрч шүлэг бичмээр болдог тийм гайхамшигт үзэсгэлэн сэн

Учир шалтгааны маш нууцыг гогцооруулсан гил хархан үснээс нь
Ум зандан ,гүгэл ,гүргэлийн үнэр сэнгэнээд ирэхлээр
Уянгалаг болсон нь илтэд аргагүй сэтгэлийн цэцэг мөшөөн
Урган цогцлоод алаглан дэлгэрэх нь илэрхийеэ жавхаатай

Бурханлиг тийм үзэсгэлэнгийн дотоод мөнийг мэдэн ариусах
Нууц тарнийн хувилгаан эгшгийг цээжиндээ суваргалуулан бясалгав би
Бусдаас харамнан атгагтаж биш, харин түгээн сэнхэрүүлэхийн тулд
Нууц тарнийн хувилгаан эгшгийг цээжнээсээ цацруулан гэрэлтэв би


2007.12.21


Тэргүүлэгч цэцэг

Тэргүүлэгч тэр цэцгийн гэрэлт цэнхэр дэлбээнд
Тэнгэр нарын орны алтан хувилгаан чанар буй
Өнгөнд урвахуйн гайхамшиг солонгын араншинг эсгээд
Өндөр их тэргүүнээ наранд мэхийсэн хүндлэл буй

Хан тунсаг үнэрийг бусдаас булааж ургасан мэт
Хангинах яруугийн цогоор харгалдагч цэцэгсээс онцгой
Шүхэрлэсэн торгомсог навчсийн элэн хулин тойрондоо
Шүүдэр усыг тоссон тэгш дүүрэн билэгтэй

Гэгээн шаргал дорнын хүүхэн гүнж наранд
Гэрэлт цэнхэр дэлбээгээ гоодон ургахын заяатай
Далд нууцхан орших мөнгөн хүйсэн дээрээ
Даль цоохор эрвээхэйн буугаад ниссэн тэмдэгтэй

Улаан тэргэл сарнаар уран цоморлигоо гайхуулж
Умрын совинт салхинд талмиж дунин найгадаг
Тэргүүлэгч тэр цэцгийн гэрэлт цэнхэр дэлбээнд
Тэнгэр нарын орны алтан хувилгаан чанар буй

2006.02.15


Аяа,би амьдарюу

Аяа, хот мандалын дунд амьдарюу
Бурханлиг гэрлийг биеэсээ цацруулж
Буйд аглагт, бүр зовлон үгүй алсад
Бясалгал дияаны үнэн жаргалыг мэдрэн
Би хот мандалын дунд амьдарюу

Аяа бас агнистын оронд амьдарюу
Алхахад нь цэцэгс атаархан хагдарсан
Ариун дагнисын үзэсгэлэнгээр харцаан шилбүүрдүүлж
Дальдрахдаа нүглийг өөрөөсөө мэдрэн
Дагнисын оронд буяныг бясалган амьдарюу

Үхэл амьдарлын торгон хярхаг дээр
Үүлс хуралдаж хачин их аадарлахад
Үнэнийг мэдэрхүйн тод гэрэлд бүүвэйлүүлэн
Үүрд амгалан бурхны оронд амьдарюу
Аяа би бурхны оронд амьдарюу

2007.11.05



Хvний л жаахан амраг

Замбуу чи даяхнаараа ганцыг яагаад ингэнэ вэ
Заяаны ханьтай бvсгvйд би яагаад дурлана вэ
Нугар халиун гvйдэлтэй vес хонгорхон салхи нь хө
Нутаг нутгаа тvшсэн миний сэтгэлд сэлмэрлээ
Хvний л жаахан амрагийн биеэ нуугаад ирдэг
Хvрэн нvдэн усны тольт сарны гэрэл ташууллаа
Ганц сарны энгэрт туулай яагаад эрхлэнэ вэ
Гарьд манхан тэнгэрт эрхис яагаад ханьсана вэ
Замбуу чи даяхнаараа ганцыг яагаад ингэнэ вэ
Заяаны ханьтай бvсгvйд би яагаад дурлана вэ
Найгал найгалхан аальтай л
Миний нутгийн салхинд нь
Намар намрын цагаар л гоо цэцэгс мэлмэрлээ
Ялдам жаахан амрагийн минь хvнээс нуугаад ирдэг
Янад нуурын усанд одод загасчиланхан наадлаа
Өл ёнхор хадан дээр бvргэд юундаа vvргэлэнэ вэ
Өнчин ганц хайлаасыг тэнгэр яагаад зална вэ
Орь ганцын оршихуйг орчлон юундаа ингэнэ вэ
Ондоо хvний бvсгvйд би яагаад дурлана вэ


Цогцлонхон тогтнох орчлон

"Юуны учир алтан салхи цэцэгсийн шүүдрийг унагалав
Юуны учир аялагхан тогоруу цам харайн гангарлав
-Ийнхүү үзэсгэлэн төгс цогцлонхон тогтнох орчлон чи
Сэтгэлийн гэгээнд мандарлан туяатах сацрангуй мишээлт бүсгүйн
Сэнгэнэнхэн анхилах үнэрийн чуулбарт гэзэг үснээс үүднэм зэ
"Юуны учир судайсан бороо цайран цайрсаар ойртнов
Юуны учир судалтсан солонго нарыг эсрэглэн татнав
-Ийнхүү үзэсгэлэн төгс цогцлонхон тогтнох орчлон чи
Холдох тусам санагдах янаглангуй амраг бүсгүйн
Хоёр хөөрхөн алимын чанарт бумбан хөхөөс л үүднэм зэ….
"Юуны учир хул намар навчисын өнгөнд хувилав
Юуны учир хулсан цуур нуурын зэгсийг эсгэнэв
-Ийнхүү үзэсгэлэн төгс цогцлонхон тогтнох орчлон чи
Аних нүдний аньсган цурамд тодронгуй ялдам бүсгүйн
Алхахуйяа сувдан жин цэцэгсийн амьсгалт төгөлдөрхөн хөлөөс л үүднэм зээ….
"Юуны учир шинэс монос уулын сэрвээнд эрхэлнэв
Юуны учир ширхэг тоор улам гоёмсог бөнжигнөв
-Ийнхүү үзэсгэлэн төгс цогцлонхон тогтнох орчпон чи
Намир тунгалаг зөөлөн бүүвэй
Эрхлэнгүй хонгор бүсгүйн
Наддаан дэлхсэн үлэмж тэргэл агуу хайраас л үүднэм зэ" 

Ш.Сүрэнжав "Ерэн баатрын дууль" 1963 он

Ерэн баатрын дууль 
Халх голын хөвөөнд
Ерэн баатар төржээ
Халх голын хөвөөнд
Ерэн баатар нойрсжээ
Хан тэнгэрт цоройж
Ерэн хөшөө гэрэлтжээ
Хөшөө тийш очих
Ардын зам баларсангүй
Хөсрийн өвс ургаж
Аглагшиж ер битүүрсэнгүй


Свердловскийн гудамжаар
Аавтайгаа хөтлөлцөөд
Сэргэлэн оддын учрыг
Асууж явсан орос хүү
Севастополийн цэцэрлэгт
Амрагтайгаа болзоод
Сэтгэл шигээ цагаахан
Алчуур солилцсон хар хүү
Цэргийн шинель өмсөж
Галт тэргэнд суухдаа
Цэцэн буу мөрөвчилж
Газрын холыг зорихдоо
Цэнхэр униарт талын
Наран мандах зүг рүү
Цэлмэг тэнгэр шиг нүдээрээ
Насандаа марташгүй харсан юм
Ханан дахь хуанлын тоо
Гучин есийг зааж
Харандааны үзүүр зураг дээр
Халх голыг зурж
Хайлааст манханы оройгоор
Дарийн утаа маналзаж,
Хатуу хилэнт өдрөөр
Дайсанд үхэл зарласан
Яг тэр мөчид
Ерэн баатар төржээ
Ялалтын тугаа өргөхөд нь би
Эхэлж хорвоод мэндэлжээ.
Ерэн эрийнхээ хойноос
Ерэн эхнэр уйлж
Ерэн эцгийнхээ хойноос
Ерэн хүүхэд сарвайж
Ерэн хүүгийнхээ хойноос
Ерэн эх шаналж
Хичнээн ерэн зүрх
Хэн, хэний зүрх
Хэдий болтол шархалж
Хэцүү бэрхээр өнчрөв
Свердловскийн буудлаас
Ачийгаа үдсэн өвгөн
Севастополийн цэцэрлэгээс
Амрагаа мөрөөдсөн бүсгүй
Москвагийн сургуулиас
Аавыгаа хүлээсэн хүү
Монголоос ирэх шууданг
Хичнээн их харуулдаа бол!
Нижигнэсэн бууны дуугаар
Ерэн баатар төрөхөд
Нэг насаа олоод
Ирж байсан хүү би
Нинжин сэтгэлтний хагацлаас
Уйлах гэж хожимдсонгүй
Нижгэр их ялалтыг
Дуулах гэж хожимджээ.
Гайхамшигт алдры нь дуулъя гэж
Үгээ бодлоо
Гандашүй гавьяагий нь дурсая гэж
Үзгээ авлаа
Хорвоод дуурстал аялая гэж
Хоолойгоо заслаа
Хойч үедээ дурсгая гэж
Сэтгэлээ өглөө
Идэмхий дайсныг хяргасан
Сүрт зэвсэг дотроос нь
Илд буу хоёрыг нь
Сүлд болгон зөрүүлж
Египтийн хааны босгосон
Пирамидаас өндөрт
Ерэн баатрын хөшөө
Эгц дээшээ мандаж байна.

Ерэн баатрын нэр!
Нэр бүхний хойноос
Өнчирч уйлсан нүд
Нэр бүхний цаанаас
Өрөвдөж хайрласан зүрх
Дээгүүр нь үүл нүүж байна.
Дэргэдүүр нь ус урсаж байна.
Хажуугаар нь ой шуугиж байна
Харин эд чив чимээгүй!
Харьтныг алхуулаагүйдээ
Уужирч амарсан юм шиг
Халх голыг өгөөгүйдээ
Сэтгэл нь ханасан юм шиг
Харуулын албандаа
Үнэнч цэрэг хэвээрээ…
Хязгаарын газартаа
Үлдэж хоцорч дээ…

О.Дашбалбар "Тэнгэр шиг бай"

Тэнгэр шиг бай
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...
Нийтэлсэн: П.Алтанбагана

Б.Явуухулан "Тэхийн зогсоол"

Тэхийн зогсоол

Тээр жилийн тэр нэгэн євлийн
Єнтэйг яана!
”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын
Єндрийг яана!
Хvрэн уулсын буйд мухар
”Хvvш” нэртэй
Хvрэхэд хол ч євєлжихєд нємєр
Хєх бууцтай.
Хvрэн уулсыг халуун намраар
Аав минь зорив
”Хvvшийн” євєлжєєнд гурван гэрээр
Айл євєлжив.
Євєлжєєг хvрээлсэн уулсын оргил
Бvгд єндєр
Єндрийн дундаас
”Тэхийн зогсоол”
Бvvр ч єндєр!
Євєлжєєнд буугаад аав, хэсэг зуур
Ан хийв
Євєлд бэлдээд айлууд, хэсэг зуур
Ажил хийв.
Єнтэй жилийн тэр нэгэн євлийн
Дулаахныг хэлэх vv
Євс цас тэгшхэн ууланд євєлжихийн
Тухтайг хэлэх vv
Говийн ууланд жам ёсоороо
Хавар ирэв
Гол бараадаж гурван гэрээрээ
Нvvх болов.
Нэгэн єглєє аав минь намайгаа
Гаднаас дуудав
Нэг нvдний сунадаг дурангаа
Гарт бариулав.
-”Тэхийн зогсоол” дээр юу байна вэ?
-Сайн хар! гэв
Тэгж хэлснийхээ жаахан хойно
Санаа алдав.
”Yзvvр нь гурвалжин, vvлэнд шvргэх
Оргил харагдав
Yvрээ манан єндєрт эргэх
Бvргэд харагдав.
Дэргэдэх оргил нь илээд авахаар
Ойрхон байв
Дээрх тэнгэр нь нvдэнд торохоор
Yvлгvй байв”
-”Тэхийн зогсоол”  дээр хараагаа тогтоо! гэж
Аав минь хэлэв
Тэрvvн дээр нэг амьтан бий, ол доо гэж
Ахин хэлэв.
Євєлжин харагдаж нvдэнд дассан
Оргил vзэгдэв
Орой дээр нь эвэр нь сэрийсэн
Янгир харагдав.
Хангайн сайхан амьтныг vзээд
Би баясав
-Харлаг тэх зогсож байна! гээд
Бараг хашгирав.
Аав минь дуугvй, тамхиа сорсоор
Гэртээ оров
Айлын хvмvvс янгирын сургаар
Манайд цуглав.
Цайгаа ч уухгvй аав минь тэгээд
Хэсэг суув
Цаанаа л гунигтай хоолой засаад
Ингэж ярив:
-Мєнгєн оройт уулсын хишгийг
Их хvртлээ
Мєнхийн зогсоолдоо зогссон янгирыг
Анх vзлээ.
”Ямаан усанд” ноднин байсан
Тэх мєн байна
Яах аргагvй зогсоолдоо зогссон
Тэх мєн байна.
Тєрсний эцэст vхнээ гэдэг
Амьтны ёс оо!
Тєрсєн нутгаа орхиноо гэдэг
Амаргvй даваа!
Янгир єтлєхєєрєє эврээ даахаа
Больдог юм гэнэлээ
Янгирын сvргээ гvйцэж чадахаа
Байдаг юм гэнэлээ.
Эхээс тєрсєн ууландаа эргэж
Ирдэг юм гэнэлээ
Эхээс унасан газраа олж
Хэвтдэг юм гэнэлээ.
Насныхаа эцэст оргил єєд мацаж
Гардаг юм гэнэлээ
Нартад тvvнийг нь
”Тэхийн зогсоол” гэж
Нэрлэдэг юм гэнэлээ.
Єндєр оргил дээр олон хоног
Зогсдог юм гэнэлээ
Єнгєрvvлсэн амьдралаа эргэж нэг
Хардаг юм гэнэлээ.
Умдалдаг ариухан усаа vзэж нэг
Баярладаг юм гэнэлээ
Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг
Баясдаг юм гэнэлээ.
Ижил олон сvргээ эцсийн удаа
Yздэг юм гэнэлээ
Эх болсон нутгаа сvvлчийн удаа
Хардаг юм гэнэлээ.
Єндєр оргилоос эвэр нь дийлээд
Хальдаг юм гэнэлээ
Єнгєт орчлонгоос нэг нь тэгээд
Дутдаг юм гэнэлээ.
Аавын яриаг хvн бvхэн
Дуугvй чагнав
Айлын эмээ янгирыг єрєвдєн
Нулимс унагав.
Тэрнээс хойш аав минь нэг л
Зовиуртай болов
Тэр євєлжєєнєєс хэсэгтээ нэг л
Нvvхээ байв.
Гурван гэрийн хонины ээлж
Дороо эргэнэ
Гуравхан хоногт манай ээлж
Эргээд ирнэ.
-Єндєр єєд хонио бvv билчээ! гэж
Аав минь захина
Єглєє болгон л гаднаа сууж
Оргил дурандана.
”Хvvшийн” євєлжєєнд чандмалж буусан
Гурван айл!
Хvмvvсийн харааг єєртєє татсан
Гурвалжин оргил!
Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэн
Харлаг тэх!
Чанх дээр нь єдєржин эргэсэн
Хvрэн бvргэд!
Ийм л зураг олон хоногоор
Аавд минь харагдав
Энэ л зураг олон хоногоор
Євєлжєєнд суулгав.
Нэгэн єглєє оргилыг дурандаад
Аав орж ирэв
Нэг харахнаа баяртай мишээгээд
Цайгаа ууж суув.
-Яг л ёсоороо хальж дээ хєєрхий! гэж
Аав минь ярив
-Яамай даа яамай, хєєрхий минь! гэж
Ижий єрєвдєв.
Маргааш єглєє нь гурван гэр маань
Эрт ачаалав
Манарсан бууцнаас хvн, мал маань
Зэрэг хєдлєв.
”Тэхийн зогсоол” оргилыг аав минь нэг
Эргэж харав
-Тєрсєн нутаг минь! гэж эцэг минь нэг
Єєртєє хэлэв.
Тээр жилийн тэр нэгэн євлийн
Уртыг яана!
”Тэхийн зогсоол”  гэдэг тэр оргилын
Єндрийг яана!

О.Дашбалбар ''Амьддаа бие биеэ хайрла...'' шүлэг

Амьддаа бие биеэ хайрла...
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.
Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

Р.Чойномын шүлэг 1961 он "Залуу нас" Шүлэглэсэн роман

1961 он "Залуу нас" Шүлэглэсэн роман
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!
Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ — залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.

Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.

Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!
Ниитэлсэн: Д.Бат-Очир

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com