Friday, April 27, 2012

Дундговь аймгийн Хулд сум


Дундговь аймгийн Хулд сум 1923 онд байгуулагдсан 607.0 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Сумын төв нь тус сумын нутаг Улаанжирэмд оршдог.

Нутгийн хойд тал нь говирхог хээрийн, урд тал нь талын цөлөрхөг бүсэд багтдаг. Олдох, Уул, Бүлээн, Шувуутай 4 багтай. Хүн амын дийлэнх хэсэг нь Хөдөө аж ахуй дээр суурилсан мал аж ахуй эрхлэн амьдардаг.
Сумын нийт мал сүрэг 146170 мянга Үүнд: Тэмээ 2846, адуу 6508, үхэр 1241, хонь 66570, ямаа 69005 мянга нийт сүргийн 92.6 хувийг хонин болон ямаан сүрэг эзэлдэг. Суманд 4 ХХК, 9 хоршоо үйл ажиллагаа явуулдаг.
Улаанбаатараас сум хүртэл 343 км, аймгийн төвөөс 83 км, холбооны 48 хэрэглэгчтэй АТС-тэй, 2007 оноос телевизийн дахин дамжуулах сансрын станц тавигдаж 4 сувгийн нэвтрүүлэг хүлээн авч үздэг болсон.
Чойр-Даланзадгадын радио релений шугам, УБ-Мандалговь-Даланзадгад-Чойрын төв замууд, холбооны ган шугам дайран өнгөрдөг дэд бүтцийн давуу талуудтай.
2000 онд Төвийн эрчим хүчний системд 2006 онд Мобикомын 2007 онд Жи-Мобайлын үүрэн телефон холбооны сүлжээнд холбогдсон. Үүрэн телефоны хэрэглэгч 800 гаруй хүн байна.
Тус сумын нутаг Хулд, Тээг, Хэцүү тээг, Хөөт Баян ширээ, Барчин , Баянхошуу, Сэрвэн, Зос Могойт, Хүрэн уул, Нураач Цагаан уушиг, Шарангад, Шувуутай, Цахир зээг, Хайчин Дуулгантын хэц, Даага, Далан зэрэг уул нуруудтай. Үл олдохын хөндий, Гурван төгрөг, Хүйс, Төгрөгийн зэрэг говиудтай, мөн дотор эрхтний эмчилгээнд хэрэглэдэг Тугалын Бүлээний рашаантай. Хөөт булаг, лусын булаг, Дал Толийн булаг зэрэг задгай урсгал устай. Байгалийн үзэсгэлэнт Гоожинхой Тээг, Цагаан суварга, Хэвтээ босоогийн агуй, Сэнжит хад зэрэг газар сумын нутаг болон зааг нутгууд дээр оршдог.
Аргаль, янгир, чоно, үнэг, хярс, мануул, хар сүүлт, цагаан зээр зэрэг ан амьтан, хур, сойр, ятуу, ногтруу, ангир,тогоруу, хулан жороо, талын бүргэд, тас, идлэг шонхор зэрэг жигүүртэн, алагдаахай, оготно, хүрэн, бозлог зэрэг мэрэгчид амьдардаг.
Алтан харгана, Заг, хайлаас, хээрийн бут, үхэр бут, зэрэг модлог ургамал, хөмүүл таана, ерхөг согоовор, монгол, хялгана, борог, цахилдаг, хазаар, улаан бор бударгана зэрэг ургамал, Юмдүүжин , зээргэнэ зээрийн ундаа, хонин болон морин шарилж, цулбуур цахилдаг, цулхир, царван, цагаан мөөг зэрэг эмчилгээнд хэрэглэдэг эмийн ургамал ургадаг.
Байгалийн цэвэр шороон будаг, шохойн чулуу, усан болон утаат болор, гартаам зэрэг ховор эрдэнийн чулуу, алт, Төмөрийн хүдэр, хүрэн болон чулуун нүүрс, шатдаг занар, жонш, уран зэрэг тогтоогдсон баялагуудтай.
Өөрийн аймгийн Эрдэнэдалай, Луус, Өлзийт, Дэлгэрхангай, Өмнөговь аймгийн Цогт овоо сумдтай хил залган оршдог.
Хүн ам ын нийгмийн зарим үзүүлэлт
Бүтэн өнчин 2, хагас өнчин 28, өрх толгойлсон 20 тахир дутуу 69, 8-аас дээш ам бүлтэй өрх 13, ажиллагчид 1108, ажилгүйчүүд 24 ажил эрхэлдэггүй 70 гаруй хүн байна.
Соёлын ахуйн зарим үзүүлэлт
Сумын ЕБСургуульд суралцагч 300 гаруй, сургууль завсардалтгүй, 360 хүүхдийн хичээл байр, 30 шахам хүүхэд амьдардаг дотуур байртай. 1979 онд Улсын тэргүүний сургууль болсон.
Цэцэрлэг 1990 онд улсын тэргүүний цэцэрлэг болсон.
Хүний эмнэлэг 15 ортой, их эмч , 3 бага эмч, 4 сувилагч, 3 асрагч, тогооч, нярав ажилладаг. 1987 онд улсын өндөр соёлжилттой хүний эмнэлэг болсон.
Соёлын төв эрхлэгч, номын санч, хөгжмийн багш гэсэн 3 орон тоотой ажилладаг.
Засаг даргын тамгын газар бүтэц орон тоогоор 20 шахам төрийн мэргэшсэн албан хаагч нар ажилладаг.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com