Friday, April 27, 2012

Дундговь аймгийн Өлзийт сум


Түшээт хан аймгийн говь түшээ гүний хошуу нь 1924 онд явагдсан засаг захиргааны зохион байгуулалтаар аймаг хошуудын нэрийг сольж Богдхан аймгийн Дэлгэрхангай уулын хошууны Өлзийт сумыг “Өвөр Дэрсэнэ ус”-нд Сүрэнхор занги хэмээх даргатайгаар байгуулснаас хойш Гүн үнэгэд, Тагт зэрэг газруудад төвлөрч одоогийн Рашаант хэмээх уул устай газрыг түшиглэж төвлөрөн хөгжиж байна. Говийнхны хэлдгээр “тэмээний нуруун дээр явсан” тус сумын түүх ингэж эхэлсэн бүлгээ.

1956 оноос эхлэн нутгийн ардууд “Ялалт” , “Хоёрдугаар таван жил”,”Дайчин нөхөрлөл, “Хөгжлийн зам”, “Шинэ өрнөлт”, “Гучин долоон жил” нэгдлүүдийг бий болгожээ. 1961 онд өлзийт, Буянт-овоо сум, тэдгээрийн 6 нэгдлийг нэгтгэж, өлзийт сум, “Хоёрдугаар таван жил” нэгдэл хэмээн нэрлэсэн түүхтэй.
Өлзийт сум нь хойд талаараа өөрийн аймгийн Хулд, Луус, Сайнцагаан, зүүн талаараа Гурвансайхан, Өндөршил, Дорноговь аймгийн Мандах сумд, урд талаараа Өмнөговь аймгийн Манлай, Цогт цэций, Цогт-овоо сумдтай хиллэн оршдог. Сумын төв Рашаант нь Улаанбаатар хотоос 365 км, аймгийнхаа төвөөс 100 км-т байрладаг. Сум нь зүүнээсээ баруун хил хүртлээ 220 км, хойноосоо урд хил хүртлээ 160 км сунаж тогтсон 1542.1 мянган га нутаг дэвсгэртэй. Энэ нь Дундговь аймгийн нийт нутгийн 1-5-тэй тэнцэх өргөн уудам нутаг юм. Сум засаг захиргааны нэгж болох 8 багтай байснаа 2004 онд 6 баг болгон зохион байгуулж 1.2-р багууд Хэсрээд, 3-р баг Тагтад, 4.5.6-р багууд Дэртэд буюу сумын төвд төвлөрч байна.
Сумын өрх хүн ам, мал сүрэг
1973 оны 3-р сард өлзийт сум 2 түмэн тэмээтэй болж монгол улсын түүхэнд анх удаа “Тэмээчдийн баяр”-ыг хийж, энэ үеэр МАХН-ын Төв хорооны УТТ-ын гишүүн, Намын төв хорооны нарийн бичгийн дарга Н.Жагварал, ХААЯ-ны сайд М.Даш нар ирж оролцож байлаа.
1999-2000 онд тохиосон ган зудны уршгаар тус сумын нийт мал сүргийн тоо толгой огцом буурсан билээ. Нөгөөтэйгүүр тэмээн сүргийн тоо толгой буурсаар байгаа аньс сэтгэл эмзэглүүлсэн нэг асуудал юм. Тэмээг өсгөх зорилгоор орон нутгаас бодлого боловсруулж, үйл ажиллагааг чиглүүлж эхлээд байна.
Суман дах үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд: Сумын ИТХ-ын шинэ Үндсэн хуулийн дагуу эмхлэн зохион байгуулагдаж, өдгөө 20 төлөөлөгч, орон тооны бус 7 тэргүүлэгч, ИТХТ-ийн дарга 1, ИТХ-ийн нарийн бичгийн дарга 1 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. Засаг даргын Тамгын газар 12 хүний бүрэлдэхүүнтэй байгаагийн дотор удирдах ажилтан 3, гүйцэтгэх 5, үйлчлэх 4 ажилтантайгаар тус тус үйл ажиллагаа явуулж байна. Мөн нийгмийн даатгалын, татварын болон төсөл хөтөлбөрийн салбарууд ажиллаж байна.
Алслагдсан багуудын төвд богино долигоны радио холбоо, соёлын тохижуулсан төвүүд, худалдааны цэг, өвс тэжээлийн агуулах, фондтойгоос гадна Буянтад хүний бага эмчийн салбар, шатахуун түгээх станц тогтмол ажиллаж байна.
Хүүхдийн цэцэрлэг нь анх 1963 онд 2 орон тоотойгоор үүсгэн байгуулагдсан бол 1970 онд 5 ажилтантай, 25 хүүхэдтэй, 1974 онд 7 орон тоотой, 50 хүүхэдтэй гэх зэргээр өргөжсөн айна.
Одоогийн үйл ажиллагаа явуулж буй барилгыг 1990 онд ашиглалтад оруулжээ. өнөөдрийн байдлаар 90 хүүхдийн хүчин чадалтай, 12 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. 2006 онд 108 хүүхдийг цэцэрлэгт хамруулсан бөгөөд багийн төвүүдэд “гэр цэцэрлэг”-ийг ажиллуулснаар сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт өс өсөж байна.
Тус сум 1939 онд Далайн хийдийн суурин дээр байхдаа өнөөгийн соёлын төвийн эх үүсвэрийн анх тавьжээ. 1945 онд улаан гэрийг “Улаан булан” болгон өргөжүүлж орон тооны эрхлэгч томилон ажиллуулсан байна. Өнөөгийн соёлын төвийн барилга 1974 онд ашиглалтад орсон, 1977 онд клубийн дэргэд “Соронзон” ардын театрыг байгуулжээ. өнөөдөр соёлын төв 5 орон тоотойгоор иргэдэд үйлчилж байна.
Өлзийт сумын хүн эмнэлэг анх 1937 оны 5 сард байгуулагдсан түүхтэй. 1966 онд их эмчийн салбар болж одоо тус¥с сумын эмнэлэг 12 ортойгоор, Буянтад 2 ортой бага эмчийн салбар тус тус ажиллаж, бүгд 19 ажилтантай байна. 6 багийн 4 баг нь бие даасан багийн ага э бага эмчтэй. 1.2 баг дундын эмчтэй бөгөөд бусад багууд сумын төвийн хүн эмнэлэгт харьяалагддаг болно.
Сумын мал эмнэлэг нь 1937 онд анх Гүн үнэгтэйд 5 ханат гэрийг барьж, санитар Балдандорж гэдэг хүн ажиллаж байв. 1959 онд их эмчийн салбар болсон. Тус мал эмнэлэг 1999 онд хувьчлагдаж өдгөө “ Алтгана-өлзийт”, “Ембүүт булаг” гэсэн 2 мал эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Энд дурдахад тус суманд ХААН болон монгол шуудан банкны салбаруудын үйлчилгээ тогтмолжиж, Хас банкны явуулын үйлчилгээг нэвтрүүлээд байна. Үүний зэрэгцээ МЦХ, шуудангийн үйлчилгээ “Эв мандал”, “Бийваа”, “Өнт-өлзийт” зэрэг хувийн хэвшлийн олон ААН, ХХК-ууд, ТББ-ууд, ХЗХ, малчдын сайн дурын бүлэг нөхөрлөлүүд үйл ажиллагаа явуулдаг.
Сум нэгдлийн даргаар ажиллаж байсан хүмүүс: 1924-1927 онд сумын даргаар ажиллаж байсан Сүрэнхор зангиас хойш сум нэгдлийн дарга, Засаг дарга, ИТХТ-ийн дарга зэрэгт 40 орчим хүн ажиллаж байсан бололтой. Тэднээс дурдвал: сумын нэгдлийн даргаар У.Эрэндоо, Мөнхөө, Х.Пунцагдаш, П.Батаа, Цүлтэм, Жигмэдцэрэн, Жигжиджав, Далх, Мажаажамба, Паламдорж, Лувсанбалдан, Н.Намшир, С.Халзанхүү, Н.Сампилноров, Д.Сумьяасүрэн нар, ИТХТ-ийн даргаар Б.Нарантуяа, Н.Цэвэгмэд, Д.Баярсайхан нарын хүмүүс ажиллаж байжээ.
1963 онд ус цаг уурын харуул анх ажилд орсон. Р.Авирмэд, Долгорсүрэн, Ч.Балжмаа, Батбуян нар ажиллаж байсан.
Нутгаас төрөн гарсан алдартнууд: Дэл хөнжлийн уул, Дэн шургуулын говь, Хайрхан товрууд, Хажуу гурван хэс нутагтай Өлзийт сумаас ажил үйлс, авьяас чадлаараа тодрогсод олон. Монгол улсын 18 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд, Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ж.Наранцацралт, Монгол улсын баатар Түвдэнгийн Бор, Хөдөлмөрийн баатар тэмээчин Д.Цэнд, оёдолчин Д.Дашням, Төрийн шагналт зохиолч Д.Нямаа, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сумьяа, монгол улсын гавьяат хуульч Д.Зундуй, Монгол улсын аварга малчин Б.Адилбиш, Т.Чимэд, Ц.Гүндсамба, С.Дашдорж, Монгол улсын гавьяат малчин Х.Отгон, Х.Баянжаргал, Монгол улсын гавьяат жүжигчин Л.Буянхишиг, Г.Дамбийжанцан, А.Нэргүй, Сандаг, А.Пэлжээ, Н.Дагийранз, Б.Сарантуяа, Ж.Дүнжмаа, Ц.Чулуунцэцэг, Монгол улсын гавьяат багш Ц.Чойжамц нарын алдартан гавьяатнууд олноор төрөн гарсан билээ. Мөн таван жилийн гавшгайчид 274 бий бөгөөд нийтдээ монгол улсын төрийн дээд шагнал, одон медалиар шагнагдсан хүн 350 гаруй байна.
Ургамал, ан амьтан: Намхан гүвээ толгод, хээр тал хосолсон нутгийн хойд талаар бут, харгана, таана, хялгана, хязаар өвс голлон ургадаг элсэрхэг хөрстэй хоолой хөндий, тойром, цав сархиаг, хадан уул элбэгтэй өмнөд талаар хайлаас мод, заг, улаан бор бударгана, багалуур, сондуул, шар мод, хотир, загсгал, шаваг мэт ургамал хүнсний болон эмийн анартай гоёо, цулхир, зээрийн ундаа, чихэр өвс, хармаг, тэмээн хөх, хүмүүс зэрэг олон төрлийн ургамал ургана. Говийн энэ шаргал хөрсөнд идээшсэн аргаль, янгир, угалз хар сүүлт, зээр, үнэг, хярс, чоно ан амьтад нутаглана. Мөн тас, бүргэд, харцыг, ногтруу, ууль, шар шувуу зэрэг хээр талын жигүүртэн шувууд нэн олон. Мөн чулуужсан мод, эртний амьтны яс зэрэг олдворууд элбэгтэй нутаг.
Байгалийн баялаг, үзэсгэлэнт газрууд: өлзийт сумын нутаг нь Цагаан суварга, Өөш манхны элс, хэвтээ босоо, Алаг зандангийн агуйнууд, Өсөх Номгоны говь, Дэлийн хөнжлийн уул, Морин толгойн цав, Монтойн хайлааст ам зэрэг байгалийн үзэсгэлэн газрууд олонтой билээ. Үзэсгэлэнт Цагаан суврагыг түшиглэн жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна.
Мөн байгалийн баялаг ихтэй. Тухайлбал. Буянтаас эхлээд Төхмийн хоолой, Мөнхрөх, Аяга шанагын хоолой, Цагаан суварга хүртэлх талбайд уран, зэс, нүүрсний, Төхөм хавьд нефтийн, Дэл хөгжлийн хэцэд алт, Хөтөл уснаас Цант, Цагаан ус хүртэлх газарт хайлуур жоншны, Замын сүүжийн ард шохойн чулууны орд, улаан, ногоон шар, хүрэн гэх мэт зос хаа сайгүй тааралдана. Энэхүү баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд бүрэн боломжтой юм.

1 Сэтгэгдэл:

Unknown said...

Танай сумын цаг ууры нөхцөл, хүн амын тоо, яс үндэс насны ялгаа, боловсролын түвшин, малын тоо толгой, төрөл бүрээр, үүлдэр угсаа, бизнесын байгууллагуудын тухай мэдээлэл олдсонгүй. Нэмэх боломжтой юу

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com