Friday, April 27, 2012

Дундговь аймгийн Дэрэн сум


Тус сум нь анх 1924 онд Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт хошууны Дэрэн сум нэртэй байгуулагдаж байсан. Улаанбаатар хотоос урагш 210 км, аймгийн төвөөс зүүн хойш 70 км-т оршдог.

Сум нь 362.2 мянган га нутаг дэвсгэртэй ба бүхэлдээ тал хөөрийн бүсэд хамрагдах бөгөөд ургамал- газар зүйн ангиллаар Тал хээрийн тойрогт ордог.
Нутгийн ихэнх хэсэгт нь тал нам уулсын заримдаг хээрийн ургамалжилт зонхилно.
Нутгийн ихэнх хэсэгт давсархаг бор хөрстэй хялгана-бор будар гант хээр зонхилдог ба таана, хөмөл зэрэг ургамал зонхилон ургаж байна. Хөрсний хувьд талын улаан хөрстэй.
Уур амьсгалын хувьд хуурай хээрийн мужид багтдаг. Агаарын жилийн дундаж температур 2-4 хэм байна. Жилийн цэлмэг өдрийн тоо 100-120 өдөр, жилдээ нар гийгүүлэх хугацаа 3000 орчим цаг байдаг. Жилд орох хур тундасны хэмжээ одоогоос 20 жилийн өмнө 100-120 мм байсан бол сүүлийн жилүүдэд энэ хэмжээ багасаж дунджаар 60-90 мм болсон байна.
Сүүлийн жилүүдэд зуны улиралд хур тундасны хэмжээ багасахын зэрэгцээ хурц нартай өдрийн давтамж, тоо ихэссэнээр зун намартаа аган болж байна.
Нутаг дэвсгэрийн өндөржилтийн ялгаа бага тул салхи ихтэй нутагт тооцогдож байна. Олон жилийн дундаж салхины хурд 3-5 м/с сүүлийн жилүүдийнх 4-6 м/с болж 12 м/с дээш шороон шуургатай дөрийн тоо ихэссэн хамгийн их хурд 40 м/с хүрч байна.
Засаг захиргааны 4 багтай сумын нийт 2343 хүн амтай ба 585 өрхтэй, 9 жилийн дунд сургууль, хүн эмнэлгийн салбар, хүүхдийн цэцэрлэг зэрэг төсөвт газрууд, ХААН банк, Холбоо, мал эмнэлэг гэх мэт төрийн өмчийн бус байгууллагууд ажиллаж байна. Суманд тээврийн хэрэгсэл буюу автомашин 198, мотоцикл 259 байна.
2008 оны жилийн эцсийн байдлаар 131919 толгой малтай байна.
Үүнээс Тэмээ -841
Адуу –5618
Үхэр –2646
Хонь-63918
Ямаа-58896
Нийт мал сүргийн 98 хувь нь хувийн мал аж ахуйд, 2 хувь нь албан байгууллага, аж ахуйн нэгжийн туслах аж ахуйд хамрагдаж байна.
Сумын иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр хөдөлмөр эрхлэлт нь мал аж ахуй бөгөөд хөдөлмөрийн насны нийт хүний 70 орчим хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна.
Суманд огт малгүй 15 өрх, 10-200 хүртэлх толгой малтай 200 өрх, 201-500 малтай 170 өрх, 501-1000 хүртэлх малтай 79 өрх байна. Харин 1000 дээш малтай өрх 16 байгаа бөгөөд хамгийн олон малтай нь 4-р багийн иргэн Д.Зэнээ 3700 малаар бусдыгаа манлайлж байна.
Энэ жил байгаль цаг агаарын хүндрэлтэй байсан тул сумын нийт малын ихэнх буюу 62 хувь нь отор хийж өвөлжиж байна. Хамгийн алсын отрын малчин өрх сумаас 450 км-т нүүдэл сэн байна.
Сумын үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэн иргэдийн хөдөлмөрөө хоршиж ажиллах үүсгэл санаачлагыг дэмжин ажилласнаар хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх хандлагатай байгаа хэдий ч зах зээлд борлуулах асуудал нилээдгүй хүндрэлтэй байна.
Энэ жил төмс, хүнсний ногоо тариалах, мал багатай малчдыг малжуулах, шинээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн ажлын байр бий болгох зэрэг арга хэмжээг авч байгаа хэдий ч суманд жижиг үйлдвэрлэл төдийлөн сайн хөгжихгүй байна.
Иймд сумын ойрын гол зорилго нь иргэдийн ядуурлыг бууруулах, суманд жижиг үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх ажлын байр бий болгож ажилгүй иргэдийн тоог зохих хувиар бууруулан иргэдийн амьжиргааг дээшлүүлэх улмаар сумын эдийн засгийн үндэс болсон мал аж ахуйг эрчимжүүлж байгалийн хараат байдлаас гаргах мөн хүрэн нүүрс болон уран, алагийн зос, хужир зэрэг ашигт малтмалын ордуудтай бөгөөд одоо судлагдах шатандаа явагдаж байна. Эдгээрээс гадна байгалийн үзэсгэлэнт газрууд байгаа бөгөөд “Хайлаастайн ам”, Исгэлэнгийн рашаан” зэргийг судлан жуулчны бааз байгуулбал сум орон нутагт орлого орох боломжтой гэж үздэг юм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com