Friday, April 27, 2012

Дундговь аймгийн Говь-Угтаал сум


Говь-Угтаал сум нь 1924 онд байгуулагдсан Засаг захиргааны 3 нэгжтэй, Аймгаас 110 км-т Улаанбаатар хотоос 270 км алслагдсан аймгийн зүүн бүсийн төвд оршдог сум юм. Нийт 508 өрхтэй 1713 хүн амтай 96782 толгой малтай. Тус сум нь 270.0 мянган га нутаг дэвсгэртэй нийт нутаг нь тал хээрийн бүсэд оршдог.

Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Хүн эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, Баг, соёлын төв, сургууль зэрэг төсвийн 7 байгууллага, ХААН банк, шуудан тасаг, ШТС, Угтаал Чандмань хоршоо, Угтаал трейд ХХК, Дэлгэр хонгор ХХК, О БЭХ БАГ ХХК зэрэг 12 аж ахуйн нэгж байгууллагууд сумын нийт хүн амд төрийн болон нийгмийн үйлчилгээг үзүүлж байна.

Ингээд эдгээр байгууллагуудын талаар товч танилцуулъя.
Монгол улсын үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага 1992 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь дарга , нарийн бичгийн дарга гэсэн орон тоотойгоор ажиллаж байна. 2004 оны орон нутгийн сонгуулиар Баянмөнхийн Цэрэнмөнх хурлын даргаар сонгогдон нутгийн өөрөө удирдах байгууллагыг удирдан ажиллаж байна.
Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Засгийн газрын 1992 оны 24-р тогтоолоор тус сумын Засаг даргын тамгын газар нь байгуулагдаж одоогоор 1 удирдах ажилтан, 6 төрийн захиргааны ажилтан, 5 үйлчилгээний ажилтантайгаар нэг баг болон сумын иргэдэд хууль тогтоомжуудыг сахиулах түүнийг хэрэгжүүлэх, сум, орон нутгийг удирдан зохион байгуулах, чиг үүргийг гүйцэтгэж байна.
Д.Данзансамбуу эрхлэгчтэй сумын хүн эмнэлэг нь 1956 онд байгуулагдсан 4 их эмч, 4 бага эмч, 5 үйлчилгээний ажилтан 3 улирлын чанартай ажилтантайгаар хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх үйлсийн төлөө нэг ба болон нэгдмэл зорилготойгоор хамтран ажиллаж байна.
А.Төмөр-ухна захиралтай 9 жилийн сургууль нь 1968 онд байгуулагдсан. Өнөөдөр 4 удирдах ажилтан, 14 багш, 5 туслах ажилтан, 4 улирлын чанартай ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж 275 хүүхдэд суурь боловсролыг стандартын өндөр түвшинд эзэмшүүлэхээр шамдан ажиллаж байна.
Д.Дагмидмаа эрхлэгчтэй хүүхдийн цэцэрлэгийн байгууллага нь 1964 онд байгуулагдсан одоо 1 удирдах ажилтан, 3 багш, 5 туслах ажилтан, 3 улирлын чанартай ажилтантайгаар нэг ба болон ажиллаж сургуулийн өмнөх насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэхийн төлөө нэг ба болон зорилго нэгтэй ажиллаж байна.
Д.Дулмаа эрхлэгчтэй сумын соёлын төв нь 1942 онд байгуулагдсан удирдах ажилтан 1, техникч 1, хөгжмийн багш болон усад ажилтан 3 эдгээр хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж хөдөөгийн хүн амд соёлын үйлчилгээг хүргэж байна.
Д.Амгалан захиралтай Угтаал чандмань хоршоо нь сумын малчид хөдөлмөрчдөд мал эмнэлгийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэдэг, иргэдийн өргөн хэрэгцээний барааг нийлүүлдэг хувийн хэвшлийн байгууллага юм.
Л.Өлзийбүрэн захиралтай Угтаал трейд ХХК нь худалдаа эрхлэхийн зэрэгцээ хувийн шатахуун түгээх станц байгуулан шатах тослох материалыг иргэдэд хямд үнээр нийлүүлэх зорилготой ажиллаж байна.
Д.Буянжаргал захиралтай Дэлгэрхонгор ХХК, О.Баатаржаргал захиралтай ОБЭХ БАГ ХХК нь сумын хөдөлмөрчдөд хямд үнэтэй чанар сайтай өргөн хэрэглээний бараагаар үйлчилж байна.
Тус суманд ХААН банкны салбар үйл ажиллагаагаа явуулж малчид, хөдөлмөрчдөд зээл олгох бусад банкны төрөл бүрийн үйлчилгээг үзүүлж байна.
Бага нуур дүүргийн цахилгаан шугам сүлжээнээс цахилгааны эх үүсвэрээ авч өндөр хүчдэлд 1996 онд холбогдсон бөгөөд Говь-Сүмбэрээс Дундговь аймгийг холбосон зам дагуу оршдог тул өргөн хэрэглээний бараа хямд үнэтэй малын гаралтай түүхий эдийн үнэ ханш харьцангуй үнэтэй тул иргэдийн маань хэрэглээ, амьжиргааны түвшин харьцангуй өндөр байдаг. Тус суманд мал аж ахуйн үйлдвэрлэл зонхилон хөгжсөн бөгөөд хүн ам харьцангуй цөөн тул аж үйлдвэр төдийлөн хөгжөөгүй байна. Манай суманд Их газрын чулуу, Булгатын хад, Их бага бичигт зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай тул ирээдүйд жуулчид ирэх жуулчны бааз байгуулагдах магадлал өндөр. Мөн жоншны болон төмөр,нүүрс, алтны орд илрэх магадлал өндөр тул гадаад орны болон өөрийн орны бизнес эрхлэгчид хайгуулчдын анхаарлыг ихэд татаж байна.
Тус сум нь Улаанбаатар хотоос Говь-Сүмбэр аймгийн чиглэлд тавигдсан хатуу хучилттай замаас 100 км-т орших тул зам харилцаа бусад сумдыг бодоход харьцангуй хөгжсөн сум юм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com