Friday, April 27, 2012

Дундговь аймгийн Дэрэн сум


Тус сум нь анх 1924 онд Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт хошууны Дэрэн сум нэртэй байгуулагдаж байсан. Улаанбаатар хотоос урагш 210 км, аймгийн төвөөс зүүн хойш 70 км-т оршдог.

Сум нь 362.2 мянган га нутаг дэвсгэртэй ба бүхэлдээ тал хөөрийн бүсэд хамрагдах бөгөөд ургамал- газар зүйн ангиллаар Тал хээрийн тойрогт ордог.
Нутгийн ихэнх хэсэгт нь тал нам уулсын заримдаг хээрийн ургамалжилт зонхилно.
Нутгийн ихэнх хэсэгт давсархаг бор хөрстэй хялгана-бор будар гант хээр зонхилдог ба таана, хөмөл зэрэг ургамал зонхилон ургаж байна. Хөрсний хувьд талын улаан хөрстэй.
Уур амьсгалын хувьд хуурай хээрийн мужид багтдаг. Агаарын жилийн дундаж температур 2-4 хэм байна. Жилийн цэлмэг өдрийн тоо 100-120 өдөр, жилдээ нар гийгүүлэх хугацаа 3000 орчим цаг байдаг. Жилд орох хур тундасны хэмжээ одоогоос 20 жилийн өмнө 100-120 мм байсан бол сүүлийн жилүүдэд энэ хэмжээ багасаж дунджаар 60-90 мм болсон байна.
Сүүлийн жилүүдэд зуны улиралд хур тундасны хэмжээ багасахын зэрэгцээ хурц нартай өдрийн давтамж, тоо ихэссэнээр зун намартаа аган болж байна.
Нутаг дэвсгэрийн өндөржилтийн ялгаа бага тул салхи ихтэй нутагт тооцогдож байна. Олон жилийн дундаж салхины хурд 3-5 м/с сүүлийн жилүүдийнх 4-6 м/с болж 12 м/с дээш шороон шуургатай дөрийн тоо ихэссэн хамгийн их хурд 40 м/с хүрч байна.
Засаг захиргааны 4 багтай сумын нийт 2343 хүн амтай ба 585 өрхтэй, 9 жилийн дунд сургууль, хүн эмнэлгийн салбар, хүүхдийн цэцэрлэг зэрэг төсөвт газрууд, ХААН банк, Холбоо, мал эмнэлэг гэх мэт төрийн өмчийн бус байгууллагууд ажиллаж байна. Суманд тээврийн хэрэгсэл буюу автомашин 198, мотоцикл 259 байна.
2008 оны жилийн эцсийн байдлаар 131919 толгой малтай байна.
Үүнээс Тэмээ -841
Адуу –5618
Үхэр –2646
Хонь-63918
Ямаа-58896
Нийт мал сүргийн 98 хувь нь хувийн мал аж ахуйд, 2 хувь нь албан байгууллага, аж ахуйн нэгжийн туслах аж ахуйд хамрагдаж байна.
Сумын иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр хөдөлмөр эрхлэлт нь мал аж ахуй бөгөөд хөдөлмөрийн насны нийт хүний 70 орчим хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна.
Суманд огт малгүй 15 өрх, 10-200 хүртэлх толгой малтай 200 өрх, 201-500 малтай 170 өрх, 501-1000 хүртэлх малтай 79 өрх байна. Харин 1000 дээш малтай өрх 16 байгаа бөгөөд хамгийн олон малтай нь 4-р багийн иргэн Д.Зэнээ 3700 малаар бусдыгаа манлайлж байна.
Энэ жил байгаль цаг агаарын хүндрэлтэй байсан тул сумын нийт малын ихэнх буюу 62 хувь нь отор хийж өвөлжиж байна. Хамгийн алсын отрын малчин өрх сумаас 450 км-т нүүдэл сэн байна.
Сумын үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэн иргэдийн хөдөлмөрөө хоршиж ажиллах үүсгэл санаачлагыг дэмжин ажилласнаар хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх хандлагатай байгаа хэдий ч зах зээлд борлуулах асуудал нилээдгүй хүндрэлтэй байна.
Энэ жил төмс, хүнсний ногоо тариалах, мал багатай малчдыг малжуулах, шинээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн ажлын байр бий болгох зэрэг арга хэмжээг авч байгаа хэдий ч суманд жижиг үйлдвэрлэл төдийлөн сайн хөгжихгүй байна.
Иймд сумын ойрын гол зорилго нь иргэдийн ядуурлыг бууруулах, суманд жижиг үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх ажлын байр бий болгож ажилгүй иргэдийн тоог зохих хувиар бууруулан иргэдийн амьжиргааг дээшлүүлэх улмаар сумын эдийн засгийн үндэс болсон мал аж ахуйг эрчимжүүлж байгалийн хараат байдлаас гаргах мөн хүрэн нүүрс болон уран, алагийн зос, хужир зэрэг ашигт малтмалын ордуудтай бөгөөд одоо судлагдах шатандаа явагдаж байна. Эдгээрээс гадна байгалийн үзэсгэлэнт газрууд байгаа бөгөөд “Хайлаастайн ам”, Исгэлэнгийн рашаан” зэргийг судлан жуулчны бааз байгуулбал сум орон нутагт орлого орох боломжтой гэж үздэг юм.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сум


1923 онд Монгол улсын Засгийн газраас Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх тухай гаргасан тогтоолын дагуу Богдхан уулын аймгийн Засаг дарга бээс Мөнх-очирын хошуу гэж байсныг Богдхан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошуу болгон өөрчилснөөр одоогийн Дэлгэрцогт сум байгуулагджээ.

Дэлгэрцогт сум нь 249,3 мянган га газар нутагтай. Дэрэн, Адаацаг, Сайнцагаан сумдтай хил залган оршдог. 98599 мянган толгой малтай, 1906 мянган хүн амтай. Засаг захиргааны нэгж 3 багтай юм. Тус сумын нутагт Халтар, Цахир, Дэлгэрийн уулнаас гадна далайн төвшнөөс дээш 1756 метр өндөрт өргөгдсөн үзэсгэлэнт “Бага газрын чулуу”-ны уултай. Аргаль, янгир, үнэг, хярс, тарвага, шонхор, тас зэрэг ан амьтан, жигүүртэн шувууд, төрөл бүрийн эмийн ургамлаар баян, нүүрс, утаат болор, хар тугалганы ашигт малтмалын нөөцтэй. Сумын эдийн засгийн бааз суурь нь мал аж ахуй, Дэлгэрцогт суманд аялал жуулчлалын 2 бааз улирлын чанартай ажиллаж байгаа бөгөөд ЗДТГ, 9 жилийн сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, соёлын төв зэрэг төсөвт байгууллагууд, Холбооны салбар, ХААН, Шуудан банкны салбарууд, 1 хоршоо, үйлчилгээний цэгүүд 10 орчим, худалдаа үйлчилгээний 2 ХХК-иуд ажиллагаа явуулж байна.

Дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Түүхч гүн ухаантан, шашин соёлын нэрт зүтгэлтэн Зава Дамдины өлгий нутаг, Төрийн хошой шагналт ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, ардын хувьсгалын партизан М.Дорждэрэм, Д.Чимэд, Монгол улсын гавьяат багш Ч.Ишдорж, Н.Мижиддорж, Б.Дэндэв, Г.Бизьяажав, Б.Ишцог, МУ-ын УГЗ хөгжмийн зохиолч Д.Баттөмөр, МУ-ын УГЗ кино найруулагч Ц.Наваан, МУ-ын хүний гавьяат эмч Ц.Янжин, МУГЖ Э.Цээдорж, гавьяат тээвэрчин Б.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Мөнхтогоо, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Дашдорж, МУ-ын алдарт уяач Б.Цэрэндагва, Ц.Хүүхэнбаатар, Ц.Цэрэнбал, алдарт уяач Л.Дэмбэрэл, Анагаах ухааны дэд эрдэмтэн С.Дуламсүрэн, Түүхийн ухааны дэд эрдэмтэн М.Бум-аюуш, Б.Доль, Удирдхуйн ухааны доктор Т.Цэрэнпүрэв, Анагаах ухааны доктор И.Пүрэвдорж, Хууль зүйн ухааны доктор академич С.Нарангэрэл, доктор Д.Зүмбэрэллхам нарын зэрэг 40-өөд эрдэмтэн тус сумаас төрөн гарсан.
Төрийн дээд шагнал: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 5 хүн, Алтан гадас одонгоор 13 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 17 хүн тус тус шагнагджээ. Улсын сайн малчин 3, Улсын аварга малчин 5, Улсын тэргүүний уран сайханч 6 тус тус төрөн гарчээ.
Тус сумын ИТХ, ЗДТГ нь Засгийн газар, аймаг, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн бодлого шийдвэрийг иргэд, олон түмэндээ сурталчлахын зэрэгцээ сум орны тохижилт, бүтээн байгуулалт, байгууллагуудын дотоод жил, бүтэц бүрэлдэхүүнийг стандартын дагуу боловсронгуй болгох, мэргэжил, боловсролтой боловсон хүчнээр хангахад ихээхэн анхааран ажиллаж байна.
Сүүлийн 4 жилийн хугацаанд Их номч, түүхч, гүн ухаантан, шашин соёлын нэрт зүтгэлтэн Зава хэмээх Шагдарын Дамдины 1918 онд байгуулсан Дэлгэрийн Чойрын хийд дахин сэргэж түүх, соёлын томоохон цогцолбор болон тохижиж байна.
Энэхүү их ажлыг Зава Дамдины хувилгаан Лувсандаржаа ламтан зохион байгуулж ирлээ.
Албан байгууллага, багуудын үйл ажиллагаа нь жигдэрсэн, цаашид иргэдээ сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангах зорилтыг тавин үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахад нутгийн захиргаанд дэмжлэг үзүүлж, иргэддээ ойр, идэвх санаачилгатай тэдний эрэлтэд чиглэсэн төрийн үйлчилгээг хүргэх зорилтыг тавин ажиллаж байна.

Дундговь аймгийн Говь-Угтаал сум


Говь-Угтаал сум нь 1924 онд байгуулагдсан Засаг захиргааны 3 нэгжтэй, Аймгаас 110 км-т Улаанбаатар хотоос 270 км алслагдсан аймгийн зүүн бүсийн төвд оршдог сум юм. Нийт 508 өрхтэй 1713 хүн амтай 96782 толгой малтай. Тус сум нь 270.0 мянган га нутаг дэвсгэртэй нийт нутаг нь тал хээрийн бүсэд оршдог.

Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Хүн эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, Баг, соёлын төв, сургууль зэрэг төсвийн 7 байгууллага, ХААН банк, шуудан тасаг, ШТС, Угтаал Чандмань хоршоо, Угтаал трейд ХХК, Дэлгэр хонгор ХХК, О БЭХ БАГ ХХК зэрэг 12 аж ахуйн нэгж байгууллагууд сумын нийт хүн амд төрийн болон нийгмийн үйлчилгээг үзүүлж байна.

Ингээд эдгээр байгууллагуудын талаар товч танилцуулъя.
Монгол улсын үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага 1992 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь дарга , нарийн бичгийн дарга гэсэн орон тоотойгоор ажиллаж байна. 2004 оны орон нутгийн сонгуулиар Баянмөнхийн Цэрэнмөнх хурлын даргаар сонгогдон нутгийн өөрөө удирдах байгууллагыг удирдан ажиллаж байна.
Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Засгийн газрын 1992 оны 24-р тогтоолоор тус сумын Засаг даргын тамгын газар нь байгуулагдаж одоогоор 1 удирдах ажилтан, 6 төрийн захиргааны ажилтан, 5 үйлчилгээний ажилтантайгаар нэг баг болон сумын иргэдэд хууль тогтоомжуудыг сахиулах түүнийг хэрэгжүүлэх, сум, орон нутгийг удирдан зохион байгуулах, чиг үүргийг гүйцэтгэж байна.
Д.Данзансамбуу эрхлэгчтэй сумын хүн эмнэлэг нь 1956 онд байгуулагдсан 4 их эмч, 4 бага эмч, 5 үйлчилгээний ажилтан 3 улирлын чанартай ажилтантайгаар хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх үйлсийн төлөө нэг ба болон нэгдмэл зорилготойгоор хамтран ажиллаж байна.
А.Төмөр-ухна захиралтай 9 жилийн сургууль нь 1968 онд байгуулагдсан. Өнөөдөр 4 удирдах ажилтан, 14 багш, 5 туслах ажилтан, 4 улирлын чанартай ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж 275 хүүхдэд суурь боловсролыг стандартын өндөр түвшинд эзэмшүүлэхээр шамдан ажиллаж байна.
Д.Дагмидмаа эрхлэгчтэй хүүхдийн цэцэрлэгийн байгууллага нь 1964 онд байгуулагдсан одоо 1 удирдах ажилтан, 3 багш, 5 туслах ажилтан, 3 улирлын чанартай ажилтантайгаар нэг ба болон ажиллаж сургуулийн өмнөх насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэхийн төлөө нэг ба болон зорилго нэгтэй ажиллаж байна.
Д.Дулмаа эрхлэгчтэй сумын соёлын төв нь 1942 онд байгуулагдсан удирдах ажилтан 1, техникч 1, хөгжмийн багш болон усад ажилтан 3 эдгээр хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж хөдөөгийн хүн амд соёлын үйлчилгээг хүргэж байна.
Д.Амгалан захиралтай Угтаал чандмань хоршоо нь сумын малчид хөдөлмөрчдөд мал эмнэлгийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэдэг, иргэдийн өргөн хэрэгцээний барааг нийлүүлдэг хувийн хэвшлийн байгууллага юм.
Л.Өлзийбүрэн захиралтай Угтаал трейд ХХК нь худалдаа эрхлэхийн зэрэгцээ хувийн шатахуун түгээх станц байгуулан шатах тослох материалыг иргэдэд хямд үнээр нийлүүлэх зорилготой ажиллаж байна.
Д.Буянжаргал захиралтай Дэлгэрхонгор ХХК, О.Баатаржаргал захиралтай ОБЭХ БАГ ХХК нь сумын хөдөлмөрчдөд хямд үнэтэй чанар сайтай өргөн хэрэглээний бараагаар үйлчилж байна.
Тус суманд ХААН банкны салбар үйл ажиллагаагаа явуулж малчид, хөдөлмөрчдөд зээл олгох бусад банкны төрөл бүрийн үйлчилгээг үзүүлж байна.
Бага нуур дүүргийн цахилгаан шугам сүлжээнээс цахилгааны эх үүсвэрээ авч өндөр хүчдэлд 1996 онд холбогдсон бөгөөд Говь-Сүмбэрээс Дундговь аймгийг холбосон зам дагуу оршдог тул өргөн хэрэглээний бараа хямд үнэтэй малын гаралтай түүхий эдийн үнэ ханш харьцангуй үнэтэй тул иргэдийн маань хэрэглээ, амьжиргааны түвшин харьцангуй өндөр байдаг. Тус суманд мал аж ахуйн үйлдвэрлэл зонхилон хөгжсөн бөгөөд хүн ам харьцангуй цөөн тул аж үйлдвэр төдийлөн хөгжөөгүй байна. Манай суманд Их газрын чулуу, Булгатын хад, Их бага бичигт зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай тул ирээдүйд жуулчид ирэх жуулчны бааз байгуулагдах магадлал өндөр. Мөн жоншны болон төмөр,нүүрс, алтны орд илрэх магадлал өндөр тул гадаад орны болон өөрийн орны бизнес эрхлэгчид хайгуулчдын анхаарлыг ихэд татаж байна.
Тус сум нь Улаанбаатар хотоос Говь-Сүмбэр аймгийн чиглэлд тавигдсан хатуу хучилттай замаас 100 км-т орших тул зам харилцаа бусад сумдыг бодоход харьцангуй хөгжсөн сум юм.

Дундговь аймгийн Гурвансайхан сум

Дундговь аймгийн Гурвансайхан сум нь аймгийн төвөөс зүүн урагш 71 км, Улаанбаатар хотоос 300 км-т оршдог. Говь хээрийн бүсэд багтдаг 554.9км2 хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Их газрын чулуу” Ярхийн уул зэрэг үзэсгэлэнт газрууд багтдаг томоохон нутаг. Өөрийн аймгийн Өлзийт, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал зэрэг сумд уудтай нутгийн хил залгадаг. Засаг захиргааны нэгжийн хувьд 5-н багт хуваагддаг. Тус сум нь 691 өрх, 2493 хүн амтай үүнээс 60% нь МАА салбарт ажилладаг. Хүн амын цэвэр өсөлт жил тутам 4.6%-тай байна.

Ерөнхий боловсролын сургуульд 300 гаруй хүүхэд суралцаж байна. Сүүлийн 5 жилд сургууль завсардалт, халдварт өвчин гараагүй амжилтаараа эрүүл мэнд, боловсролын салбар ажиллаж байна.

Мал аж ахуйн хувьд сүүлийн 5 жил мал сүргээ 5 төрөл дээр өсгөж 152905 толгойд хүрээд байна. Мөн энэ онд сумаас 14 мянгат малчин төрөн гарсан.

Тус суманд 80 гаруй төрийн албан хаагчид төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай ил тод хүргэх зарчмын үндсэнд ажиллаж байна.
Нийт төсвийн байгууллагуудын удирдлагууд 30-аас дотогш насны залуучууд ажилладаг нь сумын хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх гол хүчин зүйл болдог. Мөн нийт хүн амын 70 гаруй хувийг залуучууд эзэлдэг.
2007 онд тус сум нь засгийн газрын болон аймаг, сумын засаг дарга нарын дэвшүүлсэн зорилго зорилтыг хэрэгжүүлж ажиллахаас гадна сумандаа “Ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж ажилласнаар суманд жижиг бизнес эрхлэгчдийн тоо урьд жилүүдийнхээс нэмэгдэж байнгын болон түр ажлын байранд 60 гаруй хүн амруулан ажиллалаа.
Сумандаа 2005 онд 43889.79, 2006 онд 35161.07_ 2007 онд 96949.9 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Сүүлийн 2-3 жилд байгалийн гамшиг гангийн улмаас нийт малчин өрхийн 70 гаруй хувь нь алсын аймаг Дорноговь, Өмнөговь, Говь-Сүмбэр, Төв аймаг, Улаанбаатараас хойш нутагт отор хийж байна.
Мөн байгалийн үзэсгэлэнт газар “Их газрын чулуу”-нд хээрийн задгай театр баригдаж олон улсын “Туурайн төвөргөөн” наадам зохион байгуулагдаж гадаад, дотоодын олон зочид гийчид ирдэг газрын нэг болоод байна.
Интернэт кафе ажиллаж хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж байна. Гудамжны цахилгаан гэрэлтүүлэг 11 ширхгийг суурилуулсан нь сумын гэрэлтүүлэг болоод өнгө үзэмж сайжирлаа.
Сумын төвдөө 2 газар цэцэрлэгжүүлэлт хийсэн гэх мэт орчны тохижилтын ажилд УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн, Ж.Наранцацралт сангаас ихээхэн дэмжлэг тусламж үзүүлсээр байна.

Дундговь аймгийн Баянжаргал сумын тухай




Сэцэн хан аймгийн Боржигон цэцэн вангийн хошууны Их догшин отгыг Хан-хэнтий аймгийн оцол сансрын уулын хошуу Баянжаргалан уулын сум нэртэйгээр 1925 онд байгуулж тулгын чулуугаа тулж гал голомтоо бадраасан түүхтэй. Сум энх байгуулагдахад 200 гаруй өрх, 1000 шахам хүн амтай 40-д мянган толгой малтай, засаг захиргааны нэгж нь 5 багтайгаар зохион байгуулагдаж уулын жасын их усны дэргэд хашаа шийрлэж сумын захиргаа үйл ажиллагаагаа хэлжээ. Тус сум нь үе үеийн нийгмийн хөгжлөө дагаж өргөжин тэлж боржигон зан заншлаа өвлөн хадгалж ирсэн түүхэн уламжлалтай өвгөдийн өлгий билээ. Тус сум нь одоо 328.9 мян. км2 газар нутагтай, 2 баг, 385 өрх, 1250 хүн амтай. Жонш, чулуун нүүрс,төмрийн хүдрийн орд уурхайд ААН-д үйл ажиллагаа явуулж сумын хөгжил дэвшил ард түмний аж амьдралд нөлөөлж ажилгүйдлийг бууруулахад зохих хувь нэмрээ оруулж байна.
Боржигончууд өөрийн гэсэн өвөрмөц уртын дуу, урлахуйн ухаан түгэн дэлгэрсэн нутаг. Боржигон найр, боржигон хуур, боржигон байшин, боржигон эмээл гэсэн зан заншил соёлтой өв тэгш ард түмэн.
Боржигон уртын дууч Нэрэпунцаг, Ширчинжунай, Хандсүрэн, Шануу, Шинэбаяр, нар боржигон уртын дууг үе үеэсээ өртөөлөн өнөө үеийнхэндээ өвлүүлсэн билээ. Энэ сумын хүүхдүүд эцэг өвгөдөөсөө уламжилж ирсэн түүх соёл урлаг уртын дуугаа өвлөн авч монголдоо төдийгүй тив дэлхийд дуурсгаж явна.
Өсвөрийн дуучин бүжигчин Б.Цогтбаяр, Б.Адьяадаш, Д.Эрдэнэтогтох, О.Цэрэнжаргал, Н.Гантөгс зэрэг олон арван авьяастан нутгийнхаа нэрийг дуурсгаж явна. 1940 онд байгуулагдсан сумын сургуулиас Монгол улсын шатрын 6 удаагийн аварга, шатрын олон улсын хэмжээний мастер Ж.Лхагваа, яруу найрагч агсан Р.Түмэнжаргал, ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Дүгэрлхам, Б.Дандар, Л.Лоохууз гэсэн ахмад дунд үеийн төлөөлөгчид төрөн гарсан билээ. Өдгөө тус 9 жилийн сургууль нь 150 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж орчин үеийн компьютер, интернетээр дэлхий дахинаа харилцаж боржигоны хүүхдүүдэд эрдмийн түлхүүр атгуулах үүргээ нэр төртэй биелүүлж явна.
Тус суманд урлаг спорт хөгжиж залуу үеийн гоо зүйн болон бие бялдрын хөгжилтэй болгоход сумын засаг даргын зүгээс ихээхэн анхаарч жил бүр сумын цолгүй бөхчүүдийн барилдаан зохион байгуулж сумын заан цол олгож байгаагийн зэрэгцээ Боржигоны алдарт уяач Борнойн удамт уяачдаа жил бүр шалгаруулан алдаршуулдаг болсон айна. Сумандаа нутгийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн анхаарч спонсор байгууллага, ААН-тэй хамтран сургалтын төлбөрийг даан санхүүжүүлж сургууль төгсөөд ирэхэд нь орон сууц амьдрах орчинг нь хүртэл бэлтгэх таатай орчин бүрдүүллээ. Их догшин отгоос төрсөн ловон лам Агваанданзаннямын мэлмий гийсний 120 жилийн ойг өргөн дэлгэ ёслон тэмдэглэж түүний нэрэмжит суварга босгож нутгийн лам Чогсомын Ишдондонгийн санаачилгаар сумандаа хурал номын газартай болж сүсэгтэн олондоо 15 жил үйлчилж байна. Сумын соёлын төв 1945 онд шаваа тавьж өнөөдөр мэргэжлийн 4 орон тоотой, 20 гаруй ардын авьяастантай үйл ажиллагаагаа явуулж ард иргэддээ соёл урлагаар үйлчилж байна.
1938 онд 1 санитартай үүдээ нээсэн сумын эмнэлэг 20 гаруй орон тоотой орчин үеийн оношилгоо, чийрэгжүүлэлтийн техник хэрэгслээр зохих хэмжээнд хангагдаад ажиллахын зэрэгцээ эрүүл монгол хүн хөтөлбөр гэх мэт бусад олон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж сум, аймгийн тэргүүний ажиллагааны хэмжээнд хүрч ажиллаж байна.
1930 оноос мал сүргийг эрүүлжүүлэх, халдварт болон паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий мал эмнэлэг байгуулагдаж малын гоц халдварт олон төрлийн өвчнийг устгаж өнөөдөр хувьчлагдан 2 хувийн мал эмнэлэг мал сүргээ эрүүлжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж явна.
1960 оноос үүдээ нээсэн хүүхдийн цэцэрлэг өнөөдөр Хүүхэд хөгжүүлэх төв болон өргөжиж цэцэрлэгийн шинэ байртай болж, 3 бүлэгт 60 хүүхэд хүмүүжиж байна.
Боржигончууд дээр үеэс айраг, цагаан идээ хийх талаараа гайхамшигтай ард түмэн билээ.
Түүний нэг тод илрэл нь аймгийн брэнд бүтээгдэхүүн Боржигон ааруул энэ сумаас шалгаран гэрчилгээ авч өнөөдөр Баянжаргаланчууд болон цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд боржигон ааруулаа амталж байна.
Сум газар нутгийнхаа 40 орчим хувийг тусгай хамгаалал тандаа авч онгон дагшин байгалиа хамгаалах ард иргэдийн хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байна.
Сум төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдон гэрэл цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангагдан ХААН банк онлайн сүлжээнд холбогдон сумын засаг даргын тамгын газрын бүх албан хаагчид компьютераар хангагдан мужаан цех, авто засварын цех, оёдлын цех зэрэг хүн рүү хандсан үйлчилгээ өргөжсөөр байна.
Говь хээр талын бүсэд багтах өгөөд Их залаа, Хараат, Баянцогт, Баянгийн уулс,
Араг бичигтийн боржин цохио зэрэг нутагтаа нэртэй өндөрлөг, Нэмнээ, Хөөт, Энгэрийн улааны зэрэг говиудтай, Мөрт, Булаг элгэн, Хар толгой, бүрд, Сэрвэн, Аргатай гээд 40 шахам урсгал булагтай.
Өвдөг худаг, Хөөтэйн чанар сайтай чулуун нүүрс, Хараатын уран, Шилийн хар өндрийн Төмөрийн хүдэр, оюутны цагаан тугалга, Мануулт, Сүүл өндрийн жонш, Хөөтийн занар гээд газрын арвин баялагтай билээ.

Tuesday, September 6, 2011

Л.Болдбаатар-Босоо хийморьтой эр хүн


Зээрийн шаргал дэнж дээр ханаа шийрлэн тухалсан
Зэрэглээ хатирсан талдаа хангал булгиулж аргадсан
Зовхи нь өөдөө Монголынхоо нүүдэлчин удмын үр сад билээ бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би

Танан цагаан гэртээ хойморь дүүргэн налайсан
Тагнайд уусам айргаа хул мэлтэлзүүлэн сөгнөсөн
Зовхи нь өөдөө Монголынхоо нүүдэлчин удмын үр сад билээ
бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би

Өглөөн нарнаас өрсөөд уургаа тулан мордохдоо
Өнийн цэнхэр говио уртын дуугаараа аргадсан
Зовхи нь өөдөө Монголынхоо нүүдэлчин удмын үр сад билээ
бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би

Зовхи нь өөдөө Монголынхоо нүүдэлчин удмын үр сад билээ
бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би

Сонсох:

Р.Чойном Залуу нас

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!
Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.
Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.
Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.
Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ — залуу нас минь!
Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа
Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.
Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.
Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.
Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч
Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.
Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан
Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.
Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.
Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.
Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.
Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com