Sunday, October 5, 2014

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУД ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН ФИЗИК, ХИМИЙН 200 ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО


Шинэчлэлийн Засгийн газраас "Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлэх шинэчлэлийн бодлого"-ын хүрээнд ерөнхий боловсролын дунд сургуулиудад дэлхийн жишигт нийцсэн физик, химийн лабораторийн тоног төхөөрөмж гардуулах ажиллагаа өнөөдөр Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуульд болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон юм.


Физикийн лаборатори нь 10 иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжтэй, багш, сурагчийн туршилтын долоон ширээтэй, 70 төрлийн туршилт хийх боломжтой юм. 44 дүгээр сургуулийн физикийн танхимд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тоног төхөөрөмжийг хичээлд хэрхэн ашиглаж байгаатай танилцан, 11 дүгээр ангийн сурагчдад хичээл заасан юм. Дашрамд дурьдахад, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь физикч мэргэжилтэй бөгөөд МУИС-д 10 гаруй жил багшилсан хүн. Дараа нь тус сургуульд болж буй багш нарын сургалтын явцтай танилцлаа. 
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар Дорнод,
Дундговь, Сэлэнгэ, Увс, Улаанбаатарын багш нарт тоног төхөөрөмжийг гардуулан өгөх үеэр, "Физик болон байгалийн шинжлэх ухааны хичээлийг заахдаа сурагчдад томъёо цээжлүүлж, самбарт бичүүлэхээсээ өмнө утга учир, хэрэглээ талаас нь ойлгуулан тайлбарлаж өгөх нь чухал. Тиймээс энэ багаж төхөөрөмжийг хичээлдээ байнга ашиглаж, хүүхдүүдээр туршилт хийлгэж байгаарай. Ингэж чадвал хүүхдүүд маань аливаа зүйлийн учир начрыг олдог, нухацтай ханддаг болж төлөвшинө" гэж Ерөнхий сайд багш нарт зөвлөлөө.
"Манай улсад ерөнхий боловсролын 750 гаруй сургууль бий. Эхний ээлжинд 100 сургууль физик, химийн хичээлийн иж бүрэн тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэлтэй боллоо. Цаашид бүх сургууль дэлхийн жишигт нийцсэн ийм лабораторитой болно" гэж Л.Гантөмөр сайд хэллээ. 

Түүхэн товчоо


ТҮҮХЭН ТОВЧОО
Дундговь аймаг анх 1941 онд “Шарангад” нэртэй  байгуулагдаж, “Ембүү дэрсэнэ ус” гэдэг газар төвлөж байгаад 1944 онд одоогийн Мандалговь хотын оршин байгаа цэгт шилжин ирж төвлөрөн, Дундговь аймаг гэж нэрлэгдсэн түүхтэй. 1942 оноос Төв, Өмнөговь  аймгийн  харьяанд байсан Дэлгэрцогт, Дэлгэрхангай суманд тус бүр 16-30 сурагчидтай ,1 багштайгаар хошуу тамгын дэргэд танхимын сургууль байгуулагдсанаар аймгийн ардын боловсролын байгууллагын суурь дөнгөж тавигдаж байсан үед аймгийн анхны дунд сургууль гал голомтоо бадрааж, 1944 онд одоогийн Сайнцагаан сумын нутагт Наран  хэмээх газар 5-р ангийн 2 бүлэгтэй 2 багштайгаар гэрт хичээллэж түүхээ эхэлжээ. 1948 онд аймгийн төвд нүүн ирж, одоо нийгмийн  халамжийн хэлтсийн байр болсон дан байшинг ашиглалтанд хүлээн авч орсон байна.
 1952 онд анхны дунд сургууль болж өргөжөөд, 1-р төгсөлтөө 1954 онд хийжээ. 1966 онд одоогийн 2-р сургууль /Говийн ирээдүй / цогцолбор сургуулийн 3 давхар байранд шилжин орж,1800-аад сурагчтай 3 ээлж болж  хичээллэсэн үед 1977 онд хуучин ЗХУ-ын  бэлгийн иж бүрэн 10 жилийн дунд сургуулийн байр шинээр баригдаж, тэр сургуульд шилжин хичээллэснээр  аж ахуй зохион байгуулалт , арга зүйн хувьд бүрэн шинэчлэгдэн  хөгжсөн түүхтэй.  Дундговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль хэмээн олондоо алдаршиж нэрлэгдсэн, ЭДЦСургууль маань ийнхүү түүхийнхээ хагас зуун давсан үед өргөө цагаан гэрээ  4 дэх удаагаа шинэчлэн барьж, түүхэн хөгжлийн 70 жилтэйгээ  золгох гэж байна.

1984 онд улсын тэргүүний сургууль болсон амжилтаар 40 жилийн ойгоо  угтаж, улмаар бүтээгч, мөрөөдөгч, биелүүлэгч хамт олонтойгоор 50,60 жилийн ойгоо тэмдэглэн, “Түүхэн тэмдэглэл”, “Нэгэн жаран”  номууд  хэвлэгдэж, сургуулийнхаа хөгжлийн үе шат бүхэнд олсон ололт амжилт, ажлын арга туршлага, ахмад үеийн алдар, хөдөлмөрийг багтаасан.“Бичсэн үлдэнэ. Хэлсэн хийснэ” гэгчээр сургуулийн маань түүх, төгсөгчдийн маань төрх төлөв эдгээр номонд бий.  2014 онд буюу монголчуудын хийморь хишиг болсон морин жилд манай сургуулийн 70 жилийн ой болох учир ойн бэлтгэл ажлаа эхлээд, судалгаа төлөвлөлтөө хийгээд явж байна. 
Аливаа ойг хуучин шигээ найр нанчид зугаа болголгүй, түүхээ бүтээж, түүчээчдийг тодруулах, шинийг бүтээж, шилдгийг бий болгох, хүмүүжил сургалтыг хүн бүрт хүргэж, хөгжил бүтээлд хөтөлж өгөх арга зүйг эрэлхийлэхэд сургуулийн захиргаа, ой зохион байгуулах комиссынхон зорьж байна. Олон бүтээлч ажлууд хийгдэж байгааг радио, телевиз, сонин хэвлэлээр  мэдээлж байгаа.  Тус сургууль сурагч багш нарын тоогоороо ч аймаг  улсдаа  айрагдаж, алдар хүндтэй болсон.  Энэ алдар хүндийг хөлс дусалсан хөдөлмөр, хүч оюун шаардсан зүтгэл бүтээлээр олсон. Сайн удирдан зохион байгуулагч, захирал, менежерүүдийн ур ухаан ,шилдэг сайн сурган хүмүүжүүлэгчдийн арга зүй, сургуулиа гэсэн ар талын итгэл найдвартай ажилчдын зүтгэлээр аймаг улсын гэсэн тодотголыг авч чадсан. Захирал асан Н. Балдандорж, Д. Банзрагч, Н. Мижиддорж / МУГБагш/, Н. Өлзий /МУГбагш/, Ж. Цэрэнчунт, Б. Даариймаа, хичээлийн  эрхлэгч  Ш. Содномпэл, Л. Дулмаа, Ц. Дэлгэрбуян, Л. Цэвээнравдан, Ц. Энхтуяа, Т. Туяамандах, эвлэл пионерийн удирдагч  Д. Алтанцэцэг, Л. Батаа нарын олон шилдэг боловсон хүчин  тус сургуульд ажиллаж байлаа. Сургууль төдийгүй аль нэгэн албан газар байгууллага сайн байх нь зөв удирдлага, зөв менежмент /зөв  зохицуулалт, төлөвлөлт, арга зүй/ нэг баг болж, гар нийлсэн бодлогоо хэрэгжүүлэх арга зүй, хүн бүрийн хариуцлага, чадвараас шалтгаалах билээ. 
  Тус сургууль эдүгээ 47 бүлэгтэй, 1400 гаруй суралцагч , 81 багш, захиргаа аж ахуйн 36 ажилтан ажиллагсадтай ажиллаж, сүүлийн 10 жилд сургууль байрандаа иж бүрэн засвар хийж, тоног төхөөрөмжөөр хангагдлаа. Ойгоо угтаж, спортын шинэ зал барьж, /670 сая төгрөгийн өртөг бүхий/ дотуур байранд 24 сая гаруй төгрөгийн санхүүжилт хийгээд байна.
Хичээлээс гадуур сурагчдын авьяас хөдөлмөрийг хөгжүүлэх 28 дугуйланд давхардсан тоогоор 1005 сурагчид суралцаж байгаагийн зэрэгцээ сурагчид сурах арга барилыг эзэмшүүлэх номтой нөхөрлөх, биеэ дааж сурахад нь тусалж байгаа нь үр дүнтэй сургалт болох юм.
Улсын лаборатори 31 сургуулийн бүрэлдэхүүнд багтаж, Кембрижийн хөтөлбөрийг турших ажлыг эхлүүлээд байна. Сургуулийн захиргаа, менежерүүд  улирал бүр багш ажилчдынхаа ажлыг нь үргэлж үнэлж урамшуулдаг системийг нэвтрүүлснээр ажлын хариуцлага, арга барил сайжирч, идэвх сонирхол дээшилж, хийх бүтээх ур ухаан нэмэгджээ. Чадварт суурилсан сургалтыг, хүнд хүрсэн хүмүүжлийг л бий болгох ажлыг онцгой анхаарч байгаа нь ажлын цөм юмаа. Багшаа хөгжүүлж, сургалтаа явуулдаг, хүүхдэдээ хүмүүжил олгож, хүн болгодог тэр л зарчим хэрэгжиж байна. Тиймээс ч түүхт 70 жилийн ойдоо ажлын шинэ аргаар , амжилт бүтээлийн шинэ орчноор багшийн ур ухааны хөгжлөөр, сурагчдын өв тэгш хүмүүжлээр  бэлэг барина гэж ууган сургуулийнхан урамтай ажиллацгааж байна.

 

Сургуулийн хамт олон




Friday, November 8, 2013

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ТАМИРЧДЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА


ГАНБОЛДЫН ШИНЭХҮҮ
Дундговь аймгийн онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 25 дугаар ангийн 4 дүгээр салааны захирагчийн үүрэг гүйцэтгэгч онцгой байдлын ахлах ахлагч, 1980 онд төрсөн ГУТОТС-оор 15 дах жилдээ хичээллэж байгаа.
ГУТОТС-ын ОУ-ын хэмжээний мастер. 2001, 2004 оны ГУТОТС-ын дэлхийн аварга шалгаруурах тэмцээнд амжилттай оролцсон. Мөн 2003 оны Азийн аваргын хүрэл медальтай.
Улсын аварга шалгаруулах тэмцээний 3 алт, 5 мөнгө, 4 хүрэл, Бүсийн аварга шалгаруулах тэмцээний 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медальтай туршлагатай тамирчин юм.

 

  ШАТАХҮҮГИЙН БАТСАЙХАН
Дундговь аймгийн онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 25 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч онцгой байдлын ахлах ахлагч, 1981 онд төрсөн ГУТОТС-оор 10 дах жилдээ хичээллэж байгаа. ГУТОТСпортын мастер.
Улсын аварга шалгаруулах тэмцээний 2 хүрэл, Бүсийн аварга шалгаруулах тэмцээний 3 алт, 1 мөнгө, 6 хүрэл медальтай туршлагатай тамирчин юм.




 БААТАРЫН БАТЖАРГАЛ
Дундговь аймгийн онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 25 дугаар ангийн Эрэн, хайх аврах бүлгийн аврагч, жолооч-холбоочин онцгой байдлын ахлах ахлагч, 1980 онд төрсөн ГУТОТС-оор 15 дах жилдээ хичээллэж байгаа.
ГУТОТСпортын мастер. 2003 онд ГУТОТС-ын Азийн аварга, 2004 онд ГУТОТС-ын дэлхийн аварга шалгаруурах тэмцээнд амжилттай оролцсон.
Улсын аварга шалгаруулах тэмцээний 2 мөнгө, 2 хүрэл, Бүсийн аварга шалгаруулах тэмцээний 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтай туршлагатай тамирчин юм.




БААТАРХҮҮГИЙН ОДБАЯР
Дундговь аймгийн онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 25 дугаар ангийн Эрэн, хайх аврах бүлгийн дарга онцгой байдлын ахлах ахлагч, 1980 онд төрсөн ГУТОТС-оор 11 дэх жилдээ хичээллэж байгаа. ГУТОТСпортын мастер.
Улсын аварга шалгаруулах тэмцээний 2 хүрэл, Бүсийн аварга шалгаруулах тэмцээний 4 алт, 2 мөнгө, 6 хүрэл медальтай туршлагатай тамирчин юм.

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com