Friday, April 27, 2012

Дундговь аймгийн Эрдэнэдалай сум


Тус сум нь Хан уул аймгийн Дэлгэрхангай уулын хошуунд харьяалагдан 1923 онд Өвөр-угтаал гэдэг газар байгуулагдсан 84 жилийн түүхтэй.

Улаанбаатар хотоос 275 км, аймгийн баруун хойд хэсэгт 114 км-т өөрийн аймгийн Адаацаг, Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-овоо, Төв аймгийн Дэлгэрхаан, бүрэн, Баян-өнжүүл, Өвөрхангай аймгийн Сант, Баян-өндөр сумдтай хил залган оршдог.
735.1 мян. га нутаг дэвсгэртэй. Үүний 99.4% нь ХАА-н эдэлбэр газар буюу 730.6 мян.га нь бэлчээрийн талбай эзэлдэг. Далайн түвшнээс 1835 м-т өргөгдсөн тал хээр, говь хосолсон өргөн уудам нутагтай.
Агаарын температур өвөлдөө -36.80 С, зундаа +34.9 хэм хүрдэг эрс тэс уур амьсгалтай.
2008 оны эцсээр нийт 1794 өрх, 6566 хүн амтай байна.
Сүүлийн 3 жилд цаг агаарын тааламжтай байдал, малчдын шаргуу хөдөлмөрийн дүнд мал сүргээ өсгөж 2008 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 335401 толгой мал үүний дотор тэмээ 1215, адуу 12393, үхэр 8331, хонь 158470, ямаа 154992 тоолуулж малаа 4 төрөл дээр өсгөсөн ба улсын хэмжээнд малынхаа тоо болон хониныхоо тоогоор 1-р байранд ордог бөгөөд ямааны тоогоор 3-р байрыг эзэлсээр ирлээ. Сумын хэмжээнд малтай өрх 1422 байгаагаас үүнээс жилийн 4 улиралд байнгын мал малладаг 1322 өрх байна.
ЕБС-ийн 11 жилийн сургууль, Сум дундын эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, соёлын төв, холбоо, ХААН банкны салбар, “Монгол шуудан банк”-ны салбар, Далай хөгжил хоршоо, Дэлгэрэх -Өнгөт хоршоо, Жирмийн сүлжээ хоршоо, Ахмадын сувилал, спорт заал зэрэг төсөвт боон аж ахуйн нэгж 30 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Сумын ЗДТГ нь 23 албан хаагч, ажилчидтай Төрийн захиргааны албан хаагчдын 90% нь дээд боловсролтой боловсон хүчнээр хангагдсан, 85% нь Төрийн захиргааны академийн сургалтад хамрагдан ажиллаж байна.
ЕБС-ийн 11 жилийн сургууль нь 52 багш, 40 гаруй ажилчинтай, 1250 сурагч суралцдаг. Тус сургууль 2003 онд “аймгийн тэргүүний сургууль”, 2005 онд “Хүүхдэд ивээлтэй сургууль”, 2006 онд “улсын тэргүүний сургууль” болжээ.
Хүүхдийн цэцэрлэг нь 18 багш, 8 ажилчинтай, 2-7 насны сумын хэмжээний нийт 646 хүүхдийн 200 хүүхдийг ердийн бүлгээр, 50 хүүхдийг ээлжийн бүлгээр, явуулын сургалтад 150 хүүхдийг хамруулж, сумын цэцэрлэгийн насны хүүхдийн 85.2% нь СӨБ-д хамрагддаг. Цэцэрлэг нь 2005 онд “Улсын тэргүүний цэцэрлэг” болсон.
Сум дундын эмнэлэг нь 9 их эмчтэй, нийт 40 ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. 2007 онд хүн эмнэлэг нь “Тогтвортой амьжиргаа төсөл”-ийн хүрээнд оношилгоо эмчилгээний 9.0 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж, 20.0 сая төгрөгийн эмнэлгийн зөөврийн рентген аппарат, лабораторийн жижиг оврын автоклав байршууллаа. Эмнэлгийн орчин нөхцөлийг сайжруулах төсөл хэрэгжиж гүний худаг гарган, Солонгос улсын ус цэвэршүүлэх байгууламж суурилуулан эмнэлгийн ажилчдад зориулсан боловсон зөөврийн бие засан газартай боллоо.
Соёлын төв нь мэргэжилтэй 4, туслах ажилчин 4 орон тоотойгоор ажиллаж байна. 2007 онд соёл урлагийн ангийн 950.0 мянган төгрөгийн санхүүжилтээр номын сангийн эд аж ахуйг шинэчлэн, хөгжмийн зэмсгийн хангалтыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтаар морин хуур, шанз, ятга, лимбэ зэрэг 1010.0 мянган төгрөгийн үндэсний хөгжмийн зэмсэг, тайзны гэрэлтүүлэг зайны микрофон, гэрлийн фильтр бүгд 400.0 мянган төгрөгийн техник хэрэгслийг өөрийн давсан орлогоос авч соёл урлагийн ажиллагаандаа хэрэглэж байна.
Тус сум нь Арвайхээр-Мандалговийн чиглэлийн шилэн кабелийн шугам холбогдсон бөгөөд өөрийн хүч хөрөнгөөр малчин өрхийн харилцаа холбоог сайжруулахын тулд 24 м өндөртэй антеныг сумын орчинд суурилуулан сумын төвөөс 40-50 км радиуст холбоо барих боломж бүрдүүлсэн бөгөөд үүний үр дүнд малчин өрхийн мобикомын хэрэглэгч 582, Скайтелийн хэрэглэгч 60, жи-мобилийн хэрэглэгч 24 ба “Төрийн сан”, ХААН, “монгол шуудан” банкнууд онлайн сүлжээнд холбогдон виза картны үйлчилгээ нэвтэрч, малчид 5 сувгийн телевиз үзэж байна.
Бүтээн байгуулалтын жил”-ийн ажлын хүрээнд 2007 онд 170.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “спорт цогцолбор”-ын барилга ашиглалтад орж, Японы Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хөрөнгөөр 105.0 сая төгрөгийн өртөгтэй цэцэрлэгийн барилга барьж байгаа бөгөөд соёлын төвийн барилгын гадна талын засвар ажил улсын төсвийн 15.0 сая төгрөгийн хөрөнгөөр засварлаж, Наранцацралт сангийн хандив 6.1 сая төгрөгөөр ЗДТГ-ын барилгын өргөтгөлийн гал командын машины граж, складын барилга , халаалтын зуухны өрөө зэрэг өргөтгөлийн ажлыг ажилчдын хүчээр хийж гүйцэтгэсэн байна.
Сумын уугуул иргэдийн дотроос Хөдөлмөрийн баатар 5, Төрийн соёрхолт 1, гавьяат цолмон 13, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 4, эрдэмтэн докторууд 19, улсын аварга малчид болон улсын сайн малчид 20 шахам, цэргийн дээд цолтонгууд 30 гаруй, Монгол улсын “Алдарт уяач” 1, улсын цолтой бөх 3 төрөн гарсан явдал нь Эрдэнэдалай хан бид бүхний бахархал.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com