Thursday, November 15, 2012

Монгол Улсын гавъяат жүжигчин Нямын Дагийранз

Нэгдлийн хоньчноос гавьяат жүжигчин


 Монголын их говь талаас тэр дундаа дуу хуурын өлгий хэмээн алдаршсан Дундговь аймгаас алдартай дуучид, хуурчид, жүжигчид олон төрснийг орон даяар мэдэх бүлгээ. Дэрэнгийн ногоон талаас дэлхийд гайхагдсан аугаа их уртын дууч Н.Норовбанзад төрсөн гээд бүгдийг тоочих аваас олон хүний нэрийг жагсаана. Хамгийн урд талын Өлзийт сумын уугуул, алдарт Өөш манхны говь, Дэл Хөнжил, Хонгор хайрханы нутгаас нэрт кино жүжигчин, Монгол улсын гавьяат Н.Дагийранз гуай төржээ. 1930 оны тал, зэрэглээт их говийн унага Дагийранз хэмээх энэ буурал Монголын кино урлагт том жижиг нийлсэн гучин хэдэн дүр бүтээж, он жилүүдийг дэлгэцнээ мөнхлөн үлдээсэн гавьяатай нэгэн билээ. Өлзийт сумын “Хоёрдугаар таван жил” нэгдлийн хоньчин эр түүнийг 1959 онд сүргийн бэлчээрээс аймгийн клубт дуудсанаар урлагийн их замд орсон түүхтэй. Төрөлхийн их авьяас, эр хонгор дуу хоолойтой тэрбээр клубийн туслах жүжигчнээр шалгуулахдаа тэр үед олноо ид түгж, төв хөдөөгүй дуулагдаж байсан Д.Пүрэвдоржийн шүлэг, Мяасүрэнгийн хөгжим “Алтан намрыг” дуулсан гэдэг. Чухамдаа
“Навчсыг алтлан сэрчигнүүлсэн Намрын хонгор салхинд” халуун хошуут малынхаа дэргэд талын хүний цээл хоолойгоор дуугаа дуулж, жаргаж явсны буян тийнхүү ирсэн буй зэ. Тэр жилдээ Монголын залуучууд оюутны анхдугаар их наадамд аймгаа төлөөлөн оролцож урлагийн алтан тайзнаа гарах нь тэр. “Жонон хар”, “Уулган шарын домог”-ийг морин хууранд аялгуулан хэлсэн тэр наадмаас алтан медалиар энгэрээ мялаав. Цээж дүүрэн баяртай, дөнгөж 29 настай залуу буцаж ирээд анх удаа жүжигт тогложээ. УГЗ Сугарын найруулсан “Дэнлүүний баяр” жүжгийн сохор Яматогийн дүрийг бүтээв.
Дөрвөн жилийн дараа “Монгол кино” үйлдвэрт Равдан, Чимэд-Осор гуай нарын дэмжлэгээр дагалдан жүжигчин болжээ. 1964 онд “Тус биш ус” кинонд тоглолоо. Энэхүү авьяаслаг хүнийг урлагийн бурхан таалж, “Үер”, “Талын цуурай”, “Тэмцэл, “Уул усны үр сад” зэрэг кинонд тоглуулжээ. Киноны 30 гаруй дүр бүтээнэ гэдэг нэг хүнд ахадсан ажил гэлтэй. Тэр завсраа “Бүхэлдээ хүний төлөө” гэдэг Оросын бүрэн хэмжээний кинонд дуу оруулснаас хойш бараг 200 гаруй дуунд дуу оруулав. Сард 10 орчим кинонд тийнхүү дуу оруулсан гээд бодохоор том тоо гарах нь тодорхой. Дагийранз гуай өөрөө ч дуу оруулсан киноныхоо тоог алдсан гэдэг. Зарим үед нэг киноны хоёр хүнийг орлодог байжээ.
1980 онд дэлгэцнээ гарсан “Уул усны үр сад” кинонд тоглосноо дурсан ийн ярьж билээ. “Найруулагч маань намайг чи ерөөсөө баян Жунайн дүрд тогло гэдэг юм байна. Тэгэхээр нь би жижигхэн биетэй, туранхай, ийм амьтан тэр баян хүний дүрд тохирохгүй, өөр хүн тоглуул гэлээ. Тэгтэл үгүй ээ хө, чамаас өөр тоглох хүн алга, чи чадна гэдэг юм байна. Тэгээд яахав, тоглолоо доо. Тэр Жунай их сонин дүр. Нэгэн бодлын зөөлөн мөртлөө ширүүн, нөгөөтэйгүүр ширүүн юмуу гэтэл зөөлөн, жаахан мангардуу өвгөн л дөө. Түүний гадаад дүр төрх надтай ер нь ойролцоо, зан ааш ч мөн тиймэрхүү. Найруулагчийн нүд гэж сүрхий шүү. Нэг эвгүй үгийг Жунай өвгөн хэлнэ л дээ. “Чи ёстой нойтон сормуустай амьтан гаргаагүй, хормойн бузар шингэсэн эм” гэж хэлдэг юм. Зохиол нь тийм юм болохоор зөрөх аргагүй. Саяын үгийг хэлэх гэж сандарсан даа. Тэгээд яах вэ, болгосон шүү. Хүмүүс сайн хүлээж авсан”.
Энэ ярианаас жүжигчин хүний уран чадвар, дотоод сэтгэлийн ертөнц ямар баялаг байдгийг төвөггүй мэдэж болох юм. Дагийранз гуай тоглосон киноныхоо дүр бүхэнд хайртай, хөлс хөдөлмөр, оюун ухаанаа шавхан байж бүтээсэн дүр гэдэг төрсөн үр хүүхдээс ялгаа нь үгүй ажгуу. Харин энд нэг зүйлийг хэлмээр санагдлаа. 1990-ээд оны үед “Бүлээн нурам” нэртэй маш хурц үйл явдлыг гаргасан нэг “хачин” кинонд Дагийранз гуайг тоглуулсан байдаг. Үр удмаа үлдээхийн тулд арга буюу төрсөн охиноо эмлэж, түүнээс гарсан хүүхэд нь харахын аргагүй хачин юм киноны төгсгөлд уулын ард хадны хажууд байдаг даа. Ийм этгээд дүрд нас ахисан хүнийг тоглуулсанд нь үзэгчид их л дургүй байсан бөгөөд ёс бусын, муу ёрын юм, ийм сайхан хүнийг тийм булай дүрд тоглууллаа гэцгээж байсныг би энэ муу хоёр дэлдгэрээрээ нэг биш удаа сонсож билээ. Юманд хэмжээ гэж байдаг даа. Хожмын киночдод хэрэг болох болтугай.
Монголын кино урлагийн, дуу хуурын нэгэн сайхан од Дагийранз гуай төрсөн нутаг Өлзийтдөө, дараа нь Булган аймгийн Булган суманд охиныхоо хамт мал маллаж уул усаа бахдан харж, буянт сүргийн дэргэд жаргаж явна. Угаас тэрбээр хөдөөний хүн болохоор одоо цагийн энэ их шуугиантай, уцаартай, бас утаатай газар сэтгэл нь тогтдоггүй биз хэмээн бодном. Тээр жил өвгөнтэй би уулзаж билээ. Наян нас дөхсөн гэхэд тун ч ануухнаараа байлаа. Түүнээс цөөн асуултанд хариу авснаа санаж байна.

“Олон сайхан жүжигчдийн дэмжлэгтэйгээр нэлээд дүр бүтээжээ, би. Түүний хүчээр МУСТА-аас аваад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, МУГЖ гээд зөндөө шагнал хүртсэндээ баярлаж явдаг шүү. Урлагийн буян, киноны буян их ээ их. Манай энэ кино урлаг 1990-ээд оноос хойш нэг л базаахгүй байдаг боллоо. Зөндөө сургууль байгаа ч гэсэн чанартай нь ховор байх шиг санагддаг. Жил дарсан олон кино гарч байдаг сурагтай. Хүмүүс ам сайнгүй байх нь олонтаа. Хэн дуртай нь кино бичнэ, хэнийг ч хамаагүй тоглуулна, түргэн хийнэ. Тэгэхээр чинь түүхий юм гарна биз дээ. Хойшдоо засрах байлгүй дээ. Киноны зохиолчид дээхнэ үед мундаг хүмүүс байлаа. С.Дашдооров, Ч.Лодойдамба, Ч.Чимэд, Л.Ванган гээд лут хүмүүс байжээ. Зохиол муу бол кино өөдтэй болохгүй. Энэ бүхнийг төр засаг, урлагийнхан их анхаараасай. “Монгол кино” үйлдвэрээ эргэж харахгүй хаячихаж болохгүй. Аливаа зүйл өсч дэвждэг жамтай болохоор Монголын маань кино урлагт сайхан ирээдүй бий гэдэгт өвгөн би итгэж явдаг аа. Дагийранз гавьяатын дээрх үгэнд олон чухал санаа багтаж байгааг тайлбарлах юун. Киногоо гэсэн аугаа их сэтгэл нь насан үүрд хамт яваагийн илрэл энэ болой. Их говийн домгуудыг морин хуурнаа амилуулан дуурсгагч, кино дэлгэцнээ шилдэг олон дүр бүтээсэн МУГЖ Н.Дагийранзын хөрөг тэмдэглэлийг үүгээр өндөрлөе.
 
Зохиолч Э.Хархүү
Эх сурвалж:http://www.shuurhai.mn

 

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com