Friday, October 31, 2014

Эр бор харцага

Эр бор харцага нь
Жигүүрэндээ хүчтэй л байна уу даа
Идэрхэн залуу насанд нь
Ажиг л үгүй явлаа шүү дээ
Аяа хөөрхий алдрай мину зэ
Тэртээ цагийн алсад юм. Одоогийн Дундговь аймгийн нутаг Их газрын чулууны урд биеэр нутагтай Цэрэнпунцаг ноёны хамжлагат ард ганц бие эмэгтэй байв. Таргийн таван ямаа, саалийн ганц үнээнээс өөр өмчгүй бүсгүй нутаг сэлгэж, нүүдэл хийж чадахааргүй ядуу тарчиг амьдралтай нэгэн байв. Мөнөөх бүсгүйгээс хоёр ихэр хүү төрөхөд ахад нь Хурхарцага, дүүд нь Эрхарцага гэсэн алдар хайрлав. Хөвгүүд хоног хоногоор өссөөр, хонины нэхий өлгийдөө багтахгүй, эхийнхээ сүүнд цадахгүй болоход ижий нь тэднийгээ үнээний сүүгээр угжиж өсгөжээ.
Намар цагийн сэрүүвтэр нэгэн орой аяншиж ядарсан алс холын жинчид Хурхарцагынд буудаллав. Ирсэн гийчдээ дайлж цайлсны дараа бүсгүй жинчдийн ахлагчид өөрийн амьдралын тухай дотночилон ярихад өрөвдөж хайлсан өвгөн ахлагч хоёр хүүгийн нэгийг өргөн авч, өсгөж хүмүүжүүлэхээр болжээ. Асгарах нулимсаа нуун байж, аргагүй эрхэнд хөөрхий бүсгүй Хур харцагыгаа өгч явуулснаас хойш нялх үрийнхээ барааг дахин олж хараагүй юм гэдэг. Ээжтэйгээ хамт үлдсэн Эрхарцага гэр ахуйн ажилд дэм болж, хонь малаа хариулан, он жилийг үдсээр хангайн нарс шиг ханагар сайхан эр болж өсжээ.
Эрхарцага ноёны түлээ түлшийг нь өдөр бүр зөөдөг болж гэнэ. Гэтэл Цэрэнпунцаг ноён Эрхарцагын этгээд сонин нэг байдлыг ажигласан байна. Өглөө эрт Эрхарцагын тэргэнд хөллөөд гарсан шар орой ирэхдээ усан хулгана болтол хөлөрсөн байдаг байв. Учир байдлыг сонирхож үзвээс Эрхарцага их гэрээс нилээд зайдуу очоод, аргалаа нямбайлан түүж, тэргэн дээрээ сайтар баглаж тавьснаа, мөнөөх нас гүйцсэн бүдүүн шарыг тэрэгнээс нь салган, ноцолдож чулуу мэт өргөж, буулгаж байна гэнэ. Удалгүй шар амьсгаадаж, хэл нь унжаад ирэх үед сая нэг больж, шараа тэрэгнийхээ араас уячихаад өөрөө тэргэндээ ороод, гэрийн зүг хөдлөв. Саахалтын хэрд очингуутаа шараа буцаан тэргэндээ хөллөөд, өглөө яаж гарсан яг л тэр чигээрээ яваад өгч гэнэ.
Энэ байдлыг мэдсэн Цэрэнпунцаг ноён жинд явуулах болжээ. Өвлийн турш жин хөсгийг нь тээсэн Эрхарцага ноёны нэрийн өмнөөс даншиг, хошуудын наадамд барилдан, түрүү магнай авчирдаг дийлэгдэшгүй ганц бөх нь болов.
Яг энэ үеэр Цэрэнпунцаг ноёны ганц охин, Эрхарцага хоёр бие биедээ хязгааргүй сэтгэлтэй болж, удаж төдөлгүй бүсгүй хөл хүндрэв. Учрыг мэдсэн Цэрэнпунцаг охиноо зэргэлдээх хошууны хөгшин ноёнд хүчээр өгч, харин Эрхарцагыг нутгаа орхин явахаар нутаг заажээ. Энэ байдлаас болж Эрхарцага насан өндөр эхийгээ бодоод, нутгаа орхин явахаас өөр аргагүйд хүрчээ. Ингээд Эрхарцага Хурын хадан дээр гарч, төрсөн нутгаа удаан харж сууснаа, хоолой зангирууланхан ийнхүү дуулсан гэдэг.
Арслангийн зулзага нь
Агууландаа хүчтэй билүү дээ
Амрагийн хоёр сэтгэл
Аль алиндаа асрамжтай билүү
Аяа хөөрхий алдрай минуу зээ
Сайр шандын усыг
Шавхан ширгээж баршгүй билүү дээ
Сайн хүмүүний үрийг
Дарлан давтаж болдоггүй билүү хө
Аяа хөөрхий алдрай минуу зээ
Худаг шандын усыг
Хурдан ширгээж болшгүй билүү
Хувьтай хүмүүний үрийг
Худал хууран хэлж болдоггүй билүү
Аяа хөөрхий алдрай минуу зээ
Ийнхүү харуусал гуниг, хайр сэтгэлээ шингээн дуулж буй Эрхарцагын эрдүү хоолой Хурын хаднаас гурван өвөлжөөний тэртээ газар уулын энгэрт сэтгэлтэй бүсгүйг нь богтлон аваад, хурим найр хийж буй хөгшин ноёны гэрт тодоос тод сонсогдож байсан гэдэг.
Ингээд Эрхарцага ижийгээ гэртэйгээ цуг үүрээд, нутгаа орхин явахдаа, “Энэ хошууны бөх надаар дуусаг” гэж хэлээд, зодгоороо газар нэгэнтээ савснаас, өдгөө Дэрэн сумын нутаг дахь Зодог, Савах хэмээх нэртэй газрууд үүссэн гэх домогтой.

Эх сурвалж: http://tashuur.mn

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com