Sunday, October 5, 2014

Түүхэн товчоо


ТҮҮХЭН ТОВЧОО
Дундговь аймаг анх 1941 онд “Шарангад” нэртэй  байгуулагдаж, “Ембүү дэрсэнэ ус” гэдэг газар төвлөж байгаад 1944 онд одоогийн Мандалговь хотын оршин байгаа цэгт шилжин ирж төвлөрөн, Дундговь аймаг гэж нэрлэгдсэн түүхтэй. 1942 оноос Төв, Өмнөговь  аймгийн  харьяанд байсан Дэлгэрцогт, Дэлгэрхангай суманд тус бүр 16-30 сурагчидтай ,1 багштайгаар хошуу тамгын дэргэд танхимын сургууль байгуулагдсанаар аймгийн ардын боловсролын байгууллагын суурь дөнгөж тавигдаж байсан үед аймгийн анхны дунд сургууль гал голомтоо бадрааж, 1944 онд одоогийн Сайнцагаан сумын нутагт Наран  хэмээх газар 5-р ангийн 2 бүлэгтэй 2 багштайгаар гэрт хичээллэж түүхээ эхэлжээ. 1948 онд аймгийн төвд нүүн ирж, одоо нийгмийн  халамжийн хэлтсийн байр болсон дан байшинг ашиглалтанд хүлээн авч орсон байна.
 1952 онд анхны дунд сургууль болж өргөжөөд, 1-р төгсөлтөө 1954 онд хийжээ. 1966 онд одоогийн 2-р сургууль /Говийн ирээдүй / цогцолбор сургуулийн 3 давхар байранд шилжин орж,1800-аад сурагчтай 3 ээлж болж  хичээллэсэн үед 1977 онд хуучин ЗХУ-ын  бэлгийн иж бүрэн 10 жилийн дунд сургуулийн байр шинээр баригдаж, тэр сургуульд шилжин хичээллэснээр  аж ахуй зохион байгуулалт , арга зүйн хувьд бүрэн шинэчлэгдэн  хөгжсөн түүхтэй.  Дундговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль хэмээн олондоо алдаршиж нэрлэгдсэн, ЭДЦСургууль маань ийнхүү түүхийнхээ хагас зуун давсан үед өргөө цагаан гэрээ  4 дэх удаагаа шинэчлэн барьж, түүхэн хөгжлийн 70 жилтэйгээ  золгох гэж байна.

1984 онд улсын тэргүүний сургууль болсон амжилтаар 40 жилийн ойгоо  угтаж, улмаар бүтээгч, мөрөөдөгч, биелүүлэгч хамт олонтойгоор 50,60 жилийн ойгоо тэмдэглэн, “Түүхэн тэмдэглэл”, “Нэгэн жаран”  номууд  хэвлэгдэж, сургуулийнхаа хөгжлийн үе шат бүхэнд олсон ололт амжилт, ажлын арга туршлага, ахмад үеийн алдар, хөдөлмөрийг багтаасан.“Бичсэн үлдэнэ. Хэлсэн хийснэ” гэгчээр сургуулийн маань түүх, төгсөгчдийн маань төрх төлөв эдгээр номонд бий.  2014 онд буюу монголчуудын хийморь хишиг болсон морин жилд манай сургуулийн 70 жилийн ой болох учир ойн бэлтгэл ажлаа эхлээд, судалгаа төлөвлөлтөө хийгээд явж байна. 
Аливаа ойг хуучин шигээ найр нанчид зугаа болголгүй, түүхээ бүтээж, түүчээчдийг тодруулах, шинийг бүтээж, шилдгийг бий болгох, хүмүүжил сургалтыг хүн бүрт хүргэж, хөгжил бүтээлд хөтөлж өгөх арга зүйг эрэлхийлэхэд сургуулийн захиргаа, ой зохион байгуулах комиссынхон зорьж байна. Олон бүтээлч ажлууд хийгдэж байгааг радио, телевиз, сонин хэвлэлээр  мэдээлж байгаа.  Тус сургууль сурагч багш нарын тоогоороо ч аймаг  улсдаа  айрагдаж, алдар хүндтэй болсон.  Энэ алдар хүндийг хөлс дусалсан хөдөлмөр, хүч оюун шаардсан зүтгэл бүтээлээр олсон. Сайн удирдан зохион байгуулагч, захирал, менежерүүдийн ур ухаан ,шилдэг сайн сурган хүмүүжүүлэгчдийн арга зүй, сургуулиа гэсэн ар талын итгэл найдвартай ажилчдын зүтгэлээр аймаг улсын гэсэн тодотголыг авч чадсан. Захирал асан Н. Балдандорж, Д. Банзрагч, Н. Мижиддорж / МУГБагш/, Н. Өлзий /МУГбагш/, Ж. Цэрэнчунт, Б. Даариймаа, хичээлийн  эрхлэгч  Ш. Содномпэл, Л. Дулмаа, Ц. Дэлгэрбуян, Л. Цэвээнравдан, Ц. Энхтуяа, Т. Туяамандах, эвлэл пионерийн удирдагч  Д. Алтанцэцэг, Л. Батаа нарын олон шилдэг боловсон хүчин  тус сургуульд ажиллаж байлаа. Сургууль төдийгүй аль нэгэн албан газар байгууллага сайн байх нь зөв удирдлага, зөв менежмент /зөв  зохицуулалт, төлөвлөлт, арга зүй/ нэг баг болж, гар нийлсэн бодлогоо хэрэгжүүлэх арга зүй, хүн бүрийн хариуцлага, чадвараас шалтгаалах билээ. 
  Тус сургууль эдүгээ 47 бүлэгтэй, 1400 гаруй суралцагч , 81 багш, захиргаа аж ахуйн 36 ажилтан ажиллагсадтай ажиллаж, сүүлийн 10 жилд сургууль байрандаа иж бүрэн засвар хийж, тоног төхөөрөмжөөр хангагдлаа. Ойгоо угтаж, спортын шинэ зал барьж, /670 сая төгрөгийн өртөг бүхий/ дотуур байранд 24 сая гаруй төгрөгийн санхүүжилт хийгээд байна.
Хичээлээс гадуур сурагчдын авьяас хөдөлмөрийг хөгжүүлэх 28 дугуйланд давхардсан тоогоор 1005 сурагчид суралцаж байгаагийн зэрэгцээ сурагчид сурах арга барилыг эзэмшүүлэх номтой нөхөрлөх, биеэ дааж сурахад нь тусалж байгаа нь үр дүнтэй сургалт болох юм.
Улсын лаборатори 31 сургуулийн бүрэлдэхүүнд багтаж, Кембрижийн хөтөлбөрийг турших ажлыг эхлүүлээд байна. Сургуулийн захиргаа, менежерүүд  улирал бүр багш ажилчдынхаа ажлыг нь үргэлж үнэлж урамшуулдаг системийг нэвтрүүлснээр ажлын хариуцлага, арга барил сайжирч, идэвх сонирхол дээшилж, хийх бүтээх ур ухаан нэмэгджээ. Чадварт суурилсан сургалтыг, хүнд хүрсэн хүмүүжлийг л бий болгох ажлыг онцгой анхаарч байгаа нь ажлын цөм юмаа. Багшаа хөгжүүлж, сургалтаа явуулдаг, хүүхдэдээ хүмүүжил олгож, хүн болгодог тэр л зарчим хэрэгжиж байна. Тиймээс ч түүхт 70 жилийн ойдоо ажлын шинэ аргаар , амжилт бүтээлийн шинэ орчноор багшийн ур ухааны хөгжлөөр, сурагчдын өв тэгш хүмүүжлээр  бэлэг барина гэж ууган сургуулийнхан урамтай ажиллацгааж байна.

 

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com