Monday, May 9, 2011

Дундговь аймгийн ирээдүй бүрхэг байна

      Улаанбаатар хотоос 280 км-т оршдог хэдий ч хөгжлөөрөө Монгол улсын 21 аймгийн хаахна байгаа бол хэмээн нутгийн иргэдээс асуулаа. Тэд зовлон бэрхшээлээ ярьж байна. Аймгийн хэмжээнд хот суурин бараадаж, шилжсэн иргэдийн тоо 13 орчим мянгад хүрч, энэ нутаг эзгүйрэх дөхөөд байгаа болон ажлын байрны хомсдолоос болж хөдөлмөрийн насны иргэдийн ажил эрхлэлт бага, хүн амын амьжиргааны түвшин улсын дунджаас дээгүүрт орж, нийт хүн амын 19,6 хувьд хүрсэн гээд энэ аймагт асуудал олон байгааг өнгөрөгч амралтын өдрөөр Мандалговь хотноо зохион байгуулагдсан  “Монгол хүн 2020-Дундговь” хэлэлцүүлэгт оролцсон 15 сумын 300 орчим төлөөлөгчид хэлж байна.

    Хэлэлцүүлэгт АН-ын дарга Н.Алтанхуяг, ЕНБДарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Л.Гансүх, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн кёкүшюзан Д.Батбаяр нар оролцлоо.

Өнгөрөгч онд 14,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ аймаг татаж, аймгийн хэмжээнд 15 суманд ашигт малтмалын давхардсан тоогоор 336 тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа нь аймгийн нутаг дэвсгэрийн 41,76 хувийг эзэлдэг аж. Гэтэл гадаргын усны нөөцгүйгээс гүний усыг татаж, ахуй амьдралдаа хэрэглэдэг тус аймгийнхны хувьд энэ нь цаашид нутаг орондоо ажиллаж, амьдрах боломж нөхцлийг хааж, эзлэх хүрээгээ өдөр ирэх тусам тэлсээр байгаа цөлжилийн аюулыг улам ойртуулж байгаа гэнэ. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ “Дундговь аймаг өнөөдөр байгаль, түүхий эдийн чамгүй нөөцтэйн дотор улсын хэмжээнд судлагдсан хүрэн нүүрсний нөөцийн 58 хувь, гөлтгөний 32,3 хувь, эрдэс будгийн 53,4 хувийг газрын хөрсөн доор нуусан аймагт иргэд нь ядуу, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлдэг ундны усны байдал муу, эмнэлэгийн тусламж үйлчилгээ тааруу амьдрах ёсгүй. Дуу хуурын өлгий нутаг гэгддэг Дундговь ганц дуулж, хуурдсанаараа сайхан амьдрахгүй ээ. Харин дуу хуураар популизм хийдэг цаг өнгөрсөн гэдгийг хатуухан хэлье” гэсэн юм.

Мөн тус аймгийн сумдаас ирсэн төлөөлөгчид Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Ажилтай орлоготой, аюулгүй орчинтой Монгол хүн гэсэн таван салбарт хуваагдан,  хэлэлцүүлэг өрнүүллөө. Мөн салбар тус бүрийнхээ онцлогийн дагуу мэргэжлийн байгууллагууд дээр очиж, мэргэжлийн хүний үгийг сонсож, мэдээлэл авсан. Хэлэлцүүлэгт оролцогчид өөр өөрийн суманд тулгамдаад байгаа асуудлуудыг гаргаж, тавьсанаас гадна аймаг орон нутагтаа тулгамдаад байгаа асуудлыг илүүтэйгээр гаргаж ярьсан юм. Тухайлбал, “Эрх чөлөөтэй -Монгол хүн” хэлэлцүүлгийн хэсэгт төсөвөө захиран зарцуулах эрхийг сум, орон нутагт нь өгөх нь зүйтэй гэсэн асуудал хөндөгдөж байсан бол “Эрүүл чийрэг -Монгол хүн” хэлэлцүүлэгт говь нутагт тулгамдсан асуудал болоод байгаа ундны усны асуудал хурцаар тавигдаж, үүнээс улбааатай бөөр шээсний замын эмгэгээр улсад тэргүүлэх болоод байгаагаа энэ үеэр хэлж байсан. Мөн Дундговь аймгийн ундны усны асуудал хэдэн засаг дарга дамжиж яригдаж байгаа хэдий ч олигтой үр дүнд хүрдэггүй. Харин ч ийм байсан, ийм байгаа, цаашид байх болно гэсэн сэтгэхүйгээр хандаж байгаад аймгийн Засаг даргад сэтгэл дундуур байгаагаа энэ үеэр хэлж байлаа.

“Эрдэм боловсролтой -Монгол хүн” хэлэлцүүлгийн хэсэгт эмнэлэгийн эмч ажилтнуудын боловсрол, чадварын талаар илүүтэйгээр хөндөж ярилцлаа. Дундговь аймгийн хувьд Дорноговь аймгийн ЭМШУИС-ын харьяа сургуулиас эмч, сувилагч бэлдэж авдаг. Энэ нь учир дутагдалтай байгааг мөн энэ үеэр онцолсон юм. “Аюулгүй орчинтой Монгол хүн” хэлэлцүүлгийн хэсэгт байгалийн баялагийг ашиглахтай холбоотойгоор үүдэн гарч байгаа хор хөнөөл, эрсдлийн талаар болон сүүлийн жилүүдэд хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдасч байгааг ярилцсан бол “Ажил орлоготой- Монгол хүн” хэлэлцүүлэг аймгийн хэмжээнд 800 хүн ажилгүй байгаа гэсэн статистик гарсан хэдий ч ажилд орох боломж, орчин нөхцөл тааруу байгааг хэлж байсан юм. Хоёр өдөр үргэлжилсэн Ардчилсан намын “Монгол хүн 2020-Дундговь” хэлэлцүүлэг энэ хүрээд өндөрлөж, түүнд зориулсан урлагийн тоглолт нутгийн залуусыг нэг үдэш доргиогоод авсан. Тоглолтонд СТА Эрдэнэтунгалаг, залуу дуучин Чулуунчимэг, Одончимэг, Анхбаяр, Lumino, Lemons хамтлагууд оролцож, ая дуугаа өргөсөн юм. “Монгол хүн 2020-Дундговь” хэлэлцүүлгийг 2011 оны туршид бүх сумдад үргэлжлүүлэн зохион байгуулж, Дундговь аймгийн иргэн бүрийн саналыг сонсох болно гэж Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй хаоилцах хэлтсээс мэдээллээ.
эх сурвалжийг www.tulhuur.com

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com