Monday, May 9, 2011

Монгол улсын гавьяат жүжигчин Цэрэнгийн ЧУЛУУНЦЭЦЭГ

Цэрэнгийн ЧУЛУУНЦЭЦЭГ Ц.Чулуунцэцэг 1962 онд Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн. Сумынхаа дунд сургуульд суралцаад тухайн үеийн нам, засгийн бодлогын дагуу МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч ажилласан юм. Ингээд 1979 онд болсон Нэгдэлчдийн урлагийн их наадамд авьяасаараа шалгаран оролцсоноор  урлагийн замд хөл тавьсан төдийгүй “Өнөр бүл” киноны Цэрмаагийн дүрд чадварлаг тоглон үзэгч олны танил болсон юм. Ц.Чулуунцэцэг  СУИС- ийг төгсч  Цэргийн дуу бүжгийн чуулга, “Түмэн эх” чуулгад дуулж Соёл урлагийн их сургуульд багшлан уран бүтээл дээрээ өссөнөөр 2008 онд Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртсэн билээ.
“ӨНӨР БҮЛ”-ИЙН ЦЭРМААГААС ЭХЭЛСЭН УРЛАГИЙН ЗАМ
Талын Цэрэн.  Энэ нэр Өлзийтийхөнд дэндүү танил. Эндхийхэн  хүнийг нутаг усаар нь овоглох явдал олонтой.   Цэрэн гуайнх хүн, малтайгаа  Талын усандаа, тэндхийн бэлчээртээ дасчихсан.  Зуд турхан, ган гачиг… юү ч тохиолдсон тэндээсээ нүүнэ гэж үгүй.  Нүүвэл хүн, малгүй царай алдчихна.
Бас эдний  нутагт Уулын Нацаг гэж байх. Уул гэж нэрлэгдсэн тэр газраасаа өөр газар нутаглаж үзэлгүй анхны “Мянгат малчин” болсон.
Энд би Талын Цэрэнгийн тухай ч, Уулын Нацагийн тухай ч ярих гэсэнгүй.  Талын Цэрэнгийн авьяаслаг  гурван охин, тэдний нэг Монгол улсын гавьяат жүжигчин  Чулуунцэцэгийн  тухай энд өгүүлнэ.
Энэ нутагт “Бух Дамдингийнхан” гэж нэг ургийхан байна. Хэдэн жилийн өмнө тэд ургийн баяраа хийлээ. Талын усны зүүн дэнжид дөрвөн том цагаан гэр барьчихсан түм түжигнэж  бум бужигнаж  байлаа.
Охидоо дагаж Улаанбаатарт  суурьшсан Дашийн Цэрэн гуай  тэнд ирчихсэн инээд алдан дүнгэнэтэл яриа хөөрөө дэлгэв.  Улаанбаатарыг мань хүн “Жаргалын орон” гэж магтаад даанч нутаг орон санагдах нь жаахан  тийм. Өөр санаа зовох юмгүй гэж байлаа. Цэрэн гуайн гэргий М.Чулуубат гэж сайхан дуулдаг, үйл үртсэнд уран, ажилсаг гавшгайгаар нутгийханд гайхагдсан царайлаг хүүхэн  байсан. Одоо энэ дуучин охидыг харахаар ээж нь яг тийм хүүхэн байсан гэж бодогдоно.  Даан ч эрт хорвоог орхичихсон доо. Охид нь ч энд тэнд өгсөн ярилцлагадаа ээжийгээ л дурсаж, ээжийнхээ сайн сайхан бүхнийг өөрсөддөө шингээсэн, энэ дайтай яваагаа ээжийн минь буян гэж дурссан тааралдана.
Далаад оны дундуур “Өлзийтийн дунд сургуулийн хэдэн хүүхэд  ангиараа тэмээчин болж гэнэ”  “Баатар Цэндийн шавь тэмээчид болцгоохоор Загийн усыг зорилоо” “Өлзийтийн өргөн уудам говьд очиж тэмээ маллацгаая” гэсэн намын уриаг сумын дунд сургуулийн сурагчид ингэж хошуучиллаа” хэмээн аймаг даяар сурталчилж байлаа.  Тэдний нэг, Загийн усны тэмээчин охин өнөөдрийн Монгол улсын гавьяат жүжигчин, олны танил дуучин Цэрэнгийн Чулуунцэцэг юм.
Арван найман настайдаа Чулуунцэцэг  “Өнөр бүл” кинонд тоглох урилга авч.  Инээдмийн өнгө аястай энэ кинонд Цэрмаагийн дүрийг чадварлаг бүтээсэн нь  түүний их урлагт хөл тавих эхлэл болсон гэхэд болно.  Автобусны кондуктор Цэрмаа туфлийнхээ өсгийг санаандгүй унагасан нь үйлдвэрийн тэргүүний ажилчин, тусч цайлгахан  Гармаатай танилцах сонин тохиолдол  болсноор үйл явдал өрнөдөг энэ киноны гол дүрээр олны танил болсон тэмээчин охин Бүх цэргийн дуу бүжгийн чуулгад шалгалт өгөн тэнцэж.
Ээж нь “Ар хөвчийн унага”-ыг хачин сайхан дуулдаг байж. Ээжийгээ даган дуулсаар дуулах эв дүй, дууны ая дангийн сонголтод анхлан суралцсан нь дуучин болоход нь ч, сүүлд өөр шинэ дуу дуулахад нь ч  их дөхөм үзүүлж.  Одоо дуулах бүрдээ,  гавьяа шагнал авах бүрдээ ээж минь  харж байгаа болоосой, яасан их баярлах байсан бол гэж бодогддог гэнэ.
Чулуунцэцэг  үйл үртсэнд уран удган гэж жигтэйхэн. Бүр урлагийн хувцсаа ч өөрөө оёчихдог гэнэ. Өөрийн нь баримталдаг зарчим гэвэл эмэгтэй хүн бүр хэнээс ч дутахгүйгээр хувцас хунараа хийгээд өмсчихдөг,  ундтай устай, цай, хоол сайхан хийдэг, мал төхөөрлөө гэхэд гэдэс дотрыг нь сайхан янзалчихдаг байх ёстой гэж үздэг. Энэ бүхэнд өөрөө үлгэр жишээч гэж болно. Энэ бол ээжээсээ авсан үлгэр дууриал гэнэ. Бас түүн шигээ дүү нараа тэр жишгээр хүмүүжүүлсэн.”Алтны  дэргэдэх гууль шарлана” гэдэг шиг    нөхөр Лхагвасүрэн нь  бас эхнэрээ дагаад үйлэнд их уран болсон гэнэ.  Ээжийгээ дууриагаад хүүхдүүд нь ч эвлэгхэн дуулж байгаа. Бас юм дуулгахыг хэн байг гэхэв. Дүү Туяацэцэг, Отгонцэцэг нар нь нэр сүрээ орон даяар гаргасан дуучид боллоо. Гурвуулаа “Говь сайхан нутаг” нэртэй тайлан тоглолт хамтраад хийсэн нь Улаанбаатарыхныг ёстой хуйлруулсан. Өмнө нь нутгийн гурван гавьяат “Өлгий нэгтэй гурван гавьяат” нэртэй тайлан тоглолт хийсэн нь ч дууриал болоо биз.  .
-Өө, энэ Өлзийтийхөн чинь нэг гэрээс л гурав, гурваараа гарч ирээд мандаад байх юм. Яасан авьяаслаг ард түмэн бэ гэж гайхширсан, шагширсан хүн олон тааралдана. Арга ч үгүй биз.   Эд нар чинь цөмөөрөө  эхэнд дурьдсан “Бух”  Дамдингийн  ургийхан. Ургийн дээдэс болох “Бух” Дамдин мундаг бөх байсан гэдэг. Гэтэл энэ ургийхнаас бөх биш харин дуучид олон төрөх үүдтэй байж.
нийтэлсэн С.ПҮРЭВСҮРЭН

1 Сэтгэгдэл:

Bi Mongolooroo goydog said...

ёстой сайхан хүн шүү.

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com