Wednesday, March 2, 2011

Ш.Сүрэнжав "Ерэн баатрын дууль" 1963 он

Ерэн баатрын дууль 
Халх голын хөвөөнд
Ерэн баатар төржээ
Халх голын хөвөөнд
Ерэн баатар нойрсжээ
Хан тэнгэрт цоройж
Ерэн хөшөө гэрэлтжээ
Хөшөө тийш очих
Ардын зам баларсангүй
Хөсрийн өвс ургаж
Аглагшиж ер битүүрсэнгүй


Свердловскийн гудамжаар
Аавтайгаа хөтлөлцөөд
Сэргэлэн оддын учрыг
Асууж явсан орос хүү
Севастополийн цэцэрлэгт
Амрагтайгаа болзоод
Сэтгэл шигээ цагаахан
Алчуур солилцсон хар хүү
Цэргийн шинель өмсөж
Галт тэргэнд суухдаа
Цэцэн буу мөрөвчилж
Газрын холыг зорихдоо
Цэнхэр униарт талын
Наран мандах зүг рүү
Цэлмэг тэнгэр шиг нүдээрээ
Насандаа марташгүй харсан юм
Ханан дахь хуанлын тоо
Гучин есийг зааж
Харандааны үзүүр зураг дээр
Халх голыг зурж
Хайлааст манханы оройгоор
Дарийн утаа маналзаж,
Хатуу хилэнт өдрөөр
Дайсанд үхэл зарласан
Яг тэр мөчид
Ерэн баатар төржээ
Ялалтын тугаа өргөхөд нь би
Эхэлж хорвоод мэндэлжээ.
Ерэн эрийнхээ хойноос
Ерэн эхнэр уйлж
Ерэн эцгийнхээ хойноос
Ерэн хүүхэд сарвайж
Ерэн хүүгийнхээ хойноос
Ерэн эх шаналж
Хичнээн ерэн зүрх
Хэн, хэний зүрх
Хэдий болтол шархалж
Хэцүү бэрхээр өнчрөв
Свердловскийн буудлаас
Ачийгаа үдсэн өвгөн
Севастополийн цэцэрлэгээс
Амрагаа мөрөөдсөн бүсгүй
Москвагийн сургуулиас
Аавыгаа хүлээсэн хүү
Монголоос ирэх шууданг
Хичнээн их харуулдаа бол!
Нижигнэсэн бууны дуугаар
Ерэн баатар төрөхөд
Нэг насаа олоод
Ирж байсан хүү би
Нинжин сэтгэлтний хагацлаас
Уйлах гэж хожимдсонгүй
Нижгэр их ялалтыг
Дуулах гэж хожимджээ.
Гайхамшигт алдры нь дуулъя гэж
Үгээ бодлоо
Гандашүй гавьяагий нь дурсая гэж
Үзгээ авлаа
Хорвоод дуурстал аялая гэж
Хоолойгоо заслаа
Хойч үедээ дурсгая гэж
Сэтгэлээ өглөө
Идэмхий дайсныг хяргасан
Сүрт зэвсэг дотроос нь
Илд буу хоёрыг нь
Сүлд болгон зөрүүлж
Египтийн хааны босгосон
Пирамидаас өндөрт
Ерэн баатрын хөшөө
Эгц дээшээ мандаж байна.

Ерэн баатрын нэр!
Нэр бүхний хойноос
Өнчирч уйлсан нүд
Нэр бүхний цаанаас
Өрөвдөж хайрласан зүрх
Дээгүүр нь үүл нүүж байна.
Дэргэдүүр нь ус урсаж байна.
Хажуугаар нь ой шуугиж байна
Харин эд чив чимээгүй!
Харьтныг алхуулаагүйдээ
Уужирч амарсан юм шиг
Халх голыг өгөөгүйдээ
Сэтгэл нь ханасан юм шиг
Харуулын албандаа
Үнэнч цэрэг хэвээрээ…
Хязгаарын газартаа
Үлдэж хоцорч дээ…

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com