Thursday, November 15, 2012

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай дуучин Н.Норовбанзад

Намжилын Норовбанзад (1931он - 2002 он)
 
Норовбанзад нь 1931 оны 12 сарын 10-нд Түшээт хан аймгийн Боржигин сэцэн вангийн хошуунд (өнөөгийн Дундговь аймаг) Сүүдэртийн улаан овоо гэдэг газар мэндэлжээ.
Норовбанзад хэмээх нэрийг нь лам хүн хайрлажээ. Түүний аав Дамдин гэцэл, ээжийг нь Намжил гэдэг байсан бөгөөд өргөмөл нэг эгч, 2 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй байжээ. Түүнийг багад нь “бундан цагаан” хэмээн өхөөрдөн нэрлэгдэг байжээ. Эцэг Дамдин түүнийг моринд сундлаад айлын найр хуримд очдог байжээ. Эх Намжил нь дуу хуур, наадамд дуртай, лимбэ хөгжим үлээдэг, уран цэцэн үгтэй, үлгэр домог ярьдаг хүн байсан.
1938 оны шороон бар жил буюу Норовбанзадыг 7 настай байхад нь түүнийг эх барьж авсан ээжийн хүү Тавхай нийслэл хотоос эгшигт хайрцаг авчирчээ. Н.Норовбанзадын анхны дуулж сурсан уртын дуу нь “Сэрүүн сайхан хангай” байжээ. Тэрээр 1940 оны төмөр луу жилийн намар 9 настайдаа Дэлгэрцогт сумын бага сургуульд орсон бөгөөд тухайн үед алдарт дуучин Төмөр тус сургуульд багшилдаг байжээ. Сургуульдаа дуу дуулдгаараа алдаршиж “Дуучин шар” хэмээх хочтой болжээ.
Түүнийг 3-р ангид орох жил буюу 1942 онд эцэг Дамдин нь нас барж, тэрээр сургуулиа орхин малчин болов. Дэлхийн II дайн дууссан 1946 оны гал нохой жил Ардын хувьсгалын 25 жилийн ойн баярт сайн дурын уран сайханч Н.Норовбанзад Нийслэл хотод ирж “Идэр Жинчин” -г дуулаад нутаг буцсан нь их урлагт хөл тавихын эхлэл байжээ.
1949 оны шороон үхэр жилийн хавар 18 настайдаа дүү Мангалаа эргэхээр сумын бага сургуульд Банзрагч хэмээх залуутай танилцаж тэр жилийн намар гэрлэж Мандалговь хотод суурьшжээ. Норовбанзад аймгийн клубт дуучин, жүжигчин болж “Далан худалч” жүжгийн Алимаад тогложээ. 1950 оны бар жилийн намар 19 настайдаа анхны охиноо төрүүлжээ. 1952 оны намар 21 настайдаа аймгийн шүүхэд бичээч, 1954 онд Үйлдвэрчний зөвлөлд бичээч, бичиг хэргийн эрхлэгч болжээ. Соёлын яамнаас зарласан жүжгийн зохиолын уралдаанд нөхөр Банзрагч нь II байр эзэлж улмаар “Аймгийн гүйцэтгэх захиргаа”-ны Соёлын хэлтсын орлогч даргаар томилогдов. Энэ үеэс тэдний амьдрал жигдэрч өвөл нь хоёр дахь охин Дэдэрмаа нь төрөв.
 
1957 онд тухайн үеийн ЗХУ-ын нийслэл Москва хотод болсон Дэлхийн Залуучууд Оюутны VI-р Их Наадамд оролцож Норовбанзад тус наадмын тэргүүн байр эзлэж алтан медаль хүртжээ.  Ингээд төрийн шагналт, МУГЖ Цогзолмаа багшийн хамтаар 6 сар бэлтгэл хийгээд 7-р сард Москва хотыг зорьжээ. Тус наадмаас тэргүүн байр эзэлж, алтан медаль авчээ.
Норовбанзад хэлэхдээ: “Сэрүүн сайхан хангай бол миний зүрхний дуулал, миний сүлд дуу юм” гэжээ.
 
1959 оны намар 3 дахь охин Дэлгэрмаа (хожим УИХын гишүүн болсон)  нь төрөв. 1961 оны төмөр үхэр жил Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт Уяхан замбуутивийн наран дуугаа дуулсан нь өндөр үнэлгээ авчээ.
 
1963 оны усан туулай жил 32 настайдаа Ардын Их Хурлын сонгуулиар депутатаар сонгогдож 3 жил ажилласан байна.
1966 онд Улаанбаатар хотын депутатаар сонгогдов.
1967 оны 7 сарын 12-нд Улсын Гавъяат Дуучин болсон байна.
1993 онд Фүкүокагийн Азийн Соёлын Шагналыг хүртсэн.
Монгол уртын дууг дэлхий дахинд таниулсан түүний гавъяаг үнэлж 1999 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.
Эх сурвалж:http://mongol.undesten.mn

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com