Wednesday, March 2, 2011

П.Нямлхагва

П.Нямлхагвагийн блог хаяг:

http://nyamlkhagva.blogspot.com/

Цахим шуудангийн хаяг:

nyamlhagva_p@yahoo.com


         Нутгийн ах болох мөн нэг газар ажиллаж байсан Пэрэнлэйн Нямлхагва ахынхаа уран бүтээлээс та бүхэндээ хүргэж байна. Та бүгдийн минь санасан бүхэн сэтгэлчил бүтэж байг.

        
       Яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва 1975 онд Дундговь аймгийн Хулд суманд төрсөн. 2001 онд ДДГУДС-ийг төгссөн философич, утга зохиол судлаач мэргэжилтэй. МҮЧЗХ-ны шагналт, Мөнгөн цом, Хайрын шүлгийн “Цагаан уул”, “Ижий говь”, “Эх орны дуулал” зэрэг 10-д яруу найргийн наадмын цомын эзэн “Арслан цагаан дарс”, “Зүүдэн бүрдийн аглаг”, “Алтан хагсуурга” зэрэг яруу найргийн 5 ном хэвлүүлсэн.
 
Хөх монгол

Дэлээн шаширлуулж хүлэг морьдын эрвийтэл дэргэх нь
Сэтгэл зүрхэнд тийм тод тунгалаг эх орны минь
Дээр нь цэнхэрлэх бадрангуй хөх тэнгэрийн өнгөн зүгээс
Сэм сэмээр омог зоригийг минь хурцлан
Дэлхийн дайдыг хэнжүүлжээ
Мөнх тэнгэрийн хүчин доорхи
Хөтлөхүйн дээд хөх монгол минь ээ

Таргил усан мэт мэлмий тунгалаг зандан тэмээдийн
Тааваар хүрэнтэн дуурах нь тийм амгалан төгөлдөр эх орны минь
Хүрээлэн хэцлэх мянган цэнхэр уулсын элгэн зүгээс
Хүж хотлоор эсэн амрыг зөгнүүлэн бараалж
Ертөнц дахиныг амирлуулжээ
Мөнх тэнгэрийн хүчин доорхи
Хөтлөхүйн дээд хөх монгол минь ээ

Нуурласан олон хоньдын бөмбөл цагаан бэлчих нь
Нуга элгэнээрээ шүтэн барилдах мэт цайлган цагаан эх орны минь
Гүегнэн харгиатах тунгалаг бүүвэй мөрөн голых нь өнгөн зүгээс
Гүм анир ноёлсон уудам талын үзэмж цогцлоож
Хотол хорвоог гайхуулжээ
Мөнх тэнгэрийн хүчин доорхи
Хөтлөхүйн дээд хөх монгол минь

Алтан дуулга мэт мөнгөн сэрвээт үхрийх нь
Аданга зайлуулан сэжлэх мэт тийм цэцэн сэрэмжит эх орны минь
Тэнгэр газрын савслаган дахь тэлмэн цэнхэр зэргэлээн чанараас
Түрэмгий санаатны атгаг муухайг илбэсдэн хуурч
Тив дэлхийг сочоожээ
Мөнх тэнгэрийн хүчин доорхи
Хөтлөхүйн дээд хөх монгол минь

Дөрвөн цагийн эргэлтэнд дөрвөн хасаг нүүдэллэх
Цэлий татсан нутагтаа цэцэн билгээ хурцлаж
Замилан түүний энгээр шаргал гэгээ цацруулсан
Заяа төгөлдөр түмний минь хаан сэтгэлийн шүтээн
Мөнх тэнгэрийн хүчин доорхи
Хөтлөхүйн дээд хөх монгол минь ээ
Бүүвэйн дуу

Сайхан бадир цээжний минь хан хүрээнд
Сар дүгрэглэсэн хувилгаан шаргал тал буй
Тэндээс
Амгалан төрхийг олсон дотоод ариун сэтгэлийн
Арц гангын үнэр үлэмж тансаг ханхалдаг даа

Үзүүр адаггүй цэлийсэн тэр анирхан талын
Үзэсгэлэнт мөнгөн зурвасаас нэгэн бүсгүй тодорч
Ганирсан сэтгэлтний хорвоог нэн яруухан болтол нь
Гайхамшигт гэгээн аялгууг их л чамин дуулдаг аа

Ийм сайхан алтан аялгуутай дууны хэмнэл бүхнээр
Идэрмэг цээжний минь хан хүрээг эзэгнэж
Хувилгаан шаргал талыг гэрэлт тооргоор чимсэн
Хурмастын гэгээн бүсгүй бол ижий минь билээ л

Үүлэнзээ бадам суудалд эхийн хутгийг олж
Үрдээ дуу дуулсныг нь хүмүүс бүүвэйн дуу гэсэн юм аа
Тиймээ
Бүүвэйн дуу,
Бүүвэйн дуу гэж уясан уясан шагшсан юм аа
Миний л ижийн бүүвэйн дууг...

2006.01.19 нд өөрийн төрсөн өдрөөрөө ачлал төгс гэгээн тодорхой ижийдээ зориулан бичвэй. Япон улс Сэндай хот Цүногоро.


Нууц тарни

Гэрэл цацарсан тийм гуниггүй тунгалаг харцтай
Гэнэ гэнэхэн тулгарах болсон тийм гэгэлгэн цаг сан
Үдэмбэр биеийх нь сайхан солонгорон тунараад ирэхлээр нь
Үзгээн шүүрч шүлэг бичмээр болдог тийм гайхамшигт үзэсгэлэн сэн

Учир шалтгааны маш нууцыг гогцооруулсан гил хархан үснээс нь
Ум зандан ,гүгэл ,гүргэлийн үнэр сэнгэнээд ирэхлээр
Уянгалаг болсон нь илтэд аргагүй сэтгэлийн цэцэг мөшөөн
Урган цогцлоод алаглан дэлгэрэх нь илэрхийеэ жавхаатай

Бурханлиг тийм үзэсгэлэнгийн дотоод мөнийг мэдэн ариусах
Нууц тарнийн хувилгаан эгшгийг цээжиндээ суваргалуулан бясалгав би
Бусдаас харамнан атгагтаж биш, харин түгээн сэнхэрүүлэхийн тулд
Нууц тарнийн хувилгаан эгшгийг цээжнээсээ цацруулан гэрэлтэв би


2007.12.21


Тэргүүлэгч цэцэг

Тэргүүлэгч тэр цэцгийн гэрэлт цэнхэр дэлбээнд
Тэнгэр нарын орны алтан хувилгаан чанар буй
Өнгөнд урвахуйн гайхамшиг солонгын араншинг эсгээд
Өндөр их тэргүүнээ наранд мэхийсэн хүндлэл буй

Хан тунсаг үнэрийг бусдаас булааж ургасан мэт
Хангинах яруугийн цогоор харгалдагч цэцэгсээс онцгой
Шүхэрлэсэн торгомсог навчсийн элэн хулин тойрондоо
Шүүдэр усыг тоссон тэгш дүүрэн билэгтэй

Гэгээн шаргал дорнын хүүхэн гүнж наранд
Гэрэлт цэнхэр дэлбээгээ гоодон ургахын заяатай
Далд нууцхан орших мөнгөн хүйсэн дээрээ
Даль цоохор эрвээхэйн буугаад ниссэн тэмдэгтэй

Улаан тэргэл сарнаар уран цоморлигоо гайхуулж
Умрын совинт салхинд талмиж дунин найгадаг
Тэргүүлэгч тэр цэцгийн гэрэлт цэнхэр дэлбээнд
Тэнгэр нарын орны алтан хувилгаан чанар буй

2006.02.15


Аяа,би амьдарюу

Аяа, хот мандалын дунд амьдарюу
Бурханлиг гэрлийг биеэсээ цацруулж
Буйд аглагт, бүр зовлон үгүй алсад
Бясалгал дияаны үнэн жаргалыг мэдрэн
Би хот мандалын дунд амьдарюу

Аяа бас агнистын оронд амьдарюу
Алхахад нь цэцэгс атаархан хагдарсан
Ариун дагнисын үзэсгэлэнгээр харцаан шилбүүрдүүлж
Дальдрахдаа нүглийг өөрөөсөө мэдрэн
Дагнисын оронд буяныг бясалган амьдарюу

Үхэл амьдарлын торгон хярхаг дээр
Үүлс хуралдаж хачин их аадарлахад
Үнэнийг мэдэрхүйн тод гэрэлд бүүвэйлүүлэн
Үүрд амгалан бурхны оронд амьдарюу
Аяа би бурхны оронд амьдарюу

2007.11.05



Хvний л жаахан амраг

Замбуу чи даяхнаараа ганцыг яагаад ингэнэ вэ
Заяаны ханьтай бvсгvйд би яагаад дурлана вэ
Нугар халиун гvйдэлтэй vес хонгорхон салхи нь хө
Нутаг нутгаа тvшсэн миний сэтгэлд сэлмэрлээ
Хvний л жаахан амрагийн биеэ нуугаад ирдэг
Хvрэн нvдэн усны тольт сарны гэрэл ташууллаа
Ганц сарны энгэрт туулай яагаад эрхлэнэ вэ
Гарьд манхан тэнгэрт эрхис яагаад ханьсана вэ
Замбуу чи даяхнаараа ганцыг яагаад ингэнэ вэ
Заяаны ханьтай бvсгvйд би яагаад дурлана вэ
Найгал найгалхан аальтай л
Миний нутгийн салхинд нь
Намар намрын цагаар л гоо цэцэгс мэлмэрлээ
Ялдам жаахан амрагийн минь хvнээс нуугаад ирдэг
Янад нуурын усанд одод загасчиланхан наадлаа
Өл ёнхор хадан дээр бvргэд юундаа vvргэлэнэ вэ
Өнчин ганц хайлаасыг тэнгэр яагаад зална вэ
Орь ганцын оршихуйг орчлон юундаа ингэнэ вэ
Ондоо хvний бvсгvйд би яагаад дурлана вэ


Цогцлонхон тогтнох орчлон

"Юуны учир алтан салхи цэцэгсийн шүүдрийг унагалав
Юуны учир аялагхан тогоруу цам харайн гангарлав
-Ийнхүү үзэсгэлэн төгс цогцлонхон тогтнох орчлон чи
Сэтгэлийн гэгээнд мандарлан туяатах сацрангуй мишээлт бүсгүйн
Сэнгэнэнхэн анхилах үнэрийн чуулбарт гэзэг үснээс үүднэм зэ
"Юуны учир судайсан бороо цайран цайрсаар ойртнов
Юуны учир судалтсан солонго нарыг эсрэглэн татнав
-Ийнхүү үзэсгэлэн төгс цогцлонхон тогтнох орчлон чи
Холдох тусам санагдах янаглангуй амраг бүсгүйн
Хоёр хөөрхөн алимын чанарт бумбан хөхөөс л үүднэм зэ….
"Юуны учир хул намар навчисын өнгөнд хувилав
Юуны учир хулсан цуур нуурын зэгсийг эсгэнэв
-Ийнхүү үзэсгэлэн төгс цогцлонхон тогтнох орчлон чи
Аних нүдний аньсган цурамд тодронгуй ялдам бүсгүйн
Алхахуйяа сувдан жин цэцэгсийн амьсгалт төгөлдөрхөн хөлөөс л үүднэм зээ….
"Юуны учир шинэс монос уулын сэрвээнд эрхэлнэв
Юуны учир ширхэг тоор улам гоёмсог бөнжигнөв
-Ийнхүү үзэсгэлэн төгс цогцлонхон тогтнох орчпон чи
Намир тунгалаг зөөлөн бүүвэй
Эрхлэнгүй хонгор бүсгүйн
Наддаан дэлхсэн үлэмж тэргэл агуу хайраас л үүднэм зэ" 

0 Сэтгэгдэл:

Post a Comment

 
Дизайныг www.baganaa.tk | Блогийг хийсэн Baganaa - Улаанаа | Санал хүсэлтийг batnaa_85@yahoo.com